ТАНИЛЦ: ИХ ДҮЙЧИН ӨДРИЙГ БҮХ НИЙТИЙН АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ, АЧ ХОЛБОГДОЛ

Админ
Өчигдөр 11 цаг 04 минут

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Их дүйчин өдрийг бүх нийтээр амрах өдөр болгох, эсэхийг хэлэлцэнэ. Тус хуулийн төслийг өчигдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны (2019.10.23) хуралдаанаар энэ саналыг дэмжсэн юм. 

 

Хуулийн төслийг санаачлагчид

 

Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва

 

 

Их Дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох үндэслэл  

 

    БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна.
    Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн.
    Иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу. 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчдад ирүүлсэн.

Хуулийн төсөлд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ.

 

 

Хуулийн ач холбогдол

 

Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах, эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ.

Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, өнчин ядууст туслах, бясалгал хийх, байгаль орчноо хамгаалах зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлнэ.

Өнөөдрийн байдлаар манай улсад 364 сүм хийд бүртгэлтэй байгаагаас 134 нь буддын шашны сүм хийд. Статистикийн байгууллагаас өнгөрсөн оны дундуур гаргасан судалгаагаар нийт иргэдийн 53 хувь нь буддын шашин шүтдэг гэсэн дүн гарчээ. Мөн манай улсад найман баяраар нийт 14 хоног бүх нийтээрээ амардаг нь бусад оронтой харьцуулахад дундаж үзүүлэлт юм байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна