Нинжагаас Нийгмийн даатгалтай амьдрал руу

Админ
2019/10/28

Гол горхи нь шавраар дүүрч, гоёмсог цэцэгс нь чулуугаар солигдож, халиурсан өвс нь хогийн цэг болж хувирсан эс танигдах дүр төрх. Сав дүүрч, шороо үүрсэн нинжачид шүүрэн шанага мэт “шархалсан” газарт эрүүл мэндээ умартан, эрдэнэт амиаараа дэнчин тавин зогсолтгүй ухах эмгэнэлт амьдрал. Энэ мэт гол нь эргээ захлаж, өвс нь өвдөг шүргэдэг нутаг хэдэнхэн жилийн дотор ийн улаанаар эргэхийг харах юутай гаслантай гээч. 


Азаар тэр цаг аажим аажимаар алсарсаар байна. Хонгилын үзүүрт гэрэл асчээ.  Амьдралын эрхэнд шороо угааж, алт олборлодог амьдрал ажлын байртай, тогтмол орлоготой, нийгмийн баталгаатай болж буй таатай мэдээг дуулгая. 

 

 

Нинжагаас Бичил уурхай эрхлэгч рүү


“Хаанаас алт олдох бол, хэзээ амиа алдах бол гэх айдас тээсэн тэр жилүүдийг эргэн санахад хэцүү байдаг. Арай хийж нүхээ ухаж дуусч байтал хөөлгө ирнэ. Нүхэндээ орчихсон байж байтал яг хажуугийн нүхэнд орсон нэг нь хөл, гараа хугалчихна, тэр ч бүү хэл амиа ч алдах тохиолдол гардаг байв. Хамгийн харамсалтай нь энэ бол энгийн байдаг л үзэгдэл болчихсон” хэмээн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Э.Нармандах хуучлав. Алт угаах эмэгтэй хүний хувьд хүнд ажил. Хэзээ үхэх нь мэдэхгүй ажилд хүүхдүүдээ орхиод явах бүр ч илүү хүнд хэмээн  Ховд аймгийн Алтай сумын “Гоолингоо” цехийн захирал  П.Мөнхзаяа ч мөн ярьж байна. Тиймээ, тэд бол нинжа байхын зовлонг биеэр туулсан иргэд.

 

Тэдний хэлсэнчлэн нүхэн дор нүдэнд үзэгдэх төдий шар алтны төлөө амиа үл хайрлан зүтгэдэг нинжа хүнд гэртээ эсэн мэнд эргэж ирэх эсэхийг хэн ч хэлж чаддаггүй. Шороо хэзээ нурж, чулуу хэзээ унахыг хэн ч тааварладаггүй. Зөвхөн сохор аз л тэдний амьдралын баталгаа болдог. Харин одоо дээрх иргэд Монголын бичил уурхай эрхлэгчдийн Дээвэр холбооны зохион байгуулдаг албажуулах ажиллагаанд хамрагдаж, хамт олонтой, баталгаат ажлын байртай, тогтмол цалин, орлоготой болж улмаар жижиг дунд бизнес эрхлээд явж буй мянга мянган залуусын төлөөлөл болж байна. Э.Нармандахын хувьд ЕБС-иа төгсөөд хэр баргийн аавын хүү ээжийн охины хүсээд орж чаддаггүй СУИС-ийн жүжигчин, найруулагчийн ангид оржээ. Гэвч сургалтын төлбөрөө төлж чадахгүй байсаар сургуулиа орхиж, суманд амьдардаг залуучуудын нэгэн адил “нинжа” болох замыг сонгосон байна. Гэхдээ тэр хэдийгээр нэгэн цагт нинжа байсан ч өнөөдөр “Шижир хишиг” нөхөрлөлийн ээлжийн ахлагч. Нийгмийн баталгаат амьдралтай зорилготой, мөрөөдөлтэй, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэгч нэгэн болжээ. 

 


Харин Ховд аймгийн Алтай сумын иргэн П.Мөнхзаяагийн хувьд хийж үзээгүй ажил ховор.  Автын ослоор хань ижлээ алдсан тэрбээр ганц өөрийн цалингаар амьдралаа залгуулах боломжгүй байсан тул давхар ажил хүртэл хийж байсан гэх. Улмаар арга буюу нинжагийн амьдралыг сонгосон тэрбээр удалгүй нөхөрлөл болон зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч болжээ. Монголын бичил уурхай эрхлэгчдийн Дээвэр холбоо төрөөс гаргасан хууль журмын хүрээнд хувиараа ашигт малтмал олборлогч /ХАМО/ иргэдийг нөхөрлөл болгон зохион байгуулалтад оруулж, улмаар хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэхийн зэрэгцээ уурхайчдыг өөр ажлын байранд шилжүүлж,  ЖДҮ эрхлэгч болгодог. Энэ хүрээнд уурхайн ажил эрхэлдэг 600 гаруй өрх толгойлсон эмэгтэйг ажлын байраар хангах зорилгоор “Уурхайчнаас үйлчин бүсгүй” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд гурван аймгийн 7 сумын 21 эмэгтэйг бичил уурхайчнаас өөр ажлын байранд шилжүүлсний нэг нь П.Мөнхзаяа аж. Одоо тэрбээр Ховд аймгийн Алтай суман дахь “Гоолингоо” цехийн захирал. 

 

 

Олон улсад жишигддэг Монгол улс


Уул уурхай хаана байна, тэнд бичил уурхай эрхлэгчид үргэлж сүүдэр мэт оршсоор ирсэнийг дэлхийн түүх харуулдаг. Гагцхүү улс орнууд энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэснээс хамаарч “нинжа”-чид  орших уу эсвэл хариуцлагатай уул уурхайн жишиг болсон бичил уурхай эрхлэгчид болох уу гэдэг нь шалтгаалдаг. Мууг нь дурдвал олон улсад энэ салбарыг тэр чигт нь дарах шийдвэр гаргасныхаа төлөө иргэний дайны хэмжээний хохирол амссан цөөнгүй улс бий. Харин уг асуудлыг хууль зүйн орчиндоо тусгаад ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлээд явж буй сайн жишээ ч олон байна. Монгол улсын хувьд бичил уурхайг зөв хөгжүүлж буй улс орнуудын нэг. Олон улсад эрхзүйн орчин нь хамгийн сайн бүрдсэн хэмээн олон улсад жишигддэг.  


Учир нь бичил уурхайчид эх нутагтаа хариуцлагатай ханддаг. Хаа таарсан газраа ухаад орхих биш орон нутгийн удирдлагын зөвшөөрсөн талбайд ажиллаад эцэст нь нөхөн сэргээлт хийж байгалийг унаган төрхөөр нь хадгалдаг. Бичил уурхайчдын ашигласан талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй үлдсэн "балаг" огт үгүй гэдгийг "Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг хэлж байна. Тэд эрүүл газар хөнддөггүй бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 490 гаруй га газарт бичил уурхайчид нөхөн сэргээлт хийжээ.  

 


Шударга олборлолт буюу Эко алт


Дэлхий даяар 100 сая орчим хүн бичил уурхай, гар аргаар ашигт малтмал олборлож, амьжиргаагаа залгуулдаг тухай Fairtrade Interna¬tional байгууллагаас мэдээлжээ. Тэд дэлхийн нийт алтны 10 хувийг нийлүүлдэг боловч ажиллах хүчний 90 орчим хувийг бүрдүүлдэг. Харин манай улсад энэ тоо 60-100 мянгад хэлбэлздэг гэх албан бус судалгаа бий. Үүний арав гаруй хувь нь бичил уурхайн зохион байгуулалтад орсон байдаг. Тэдний 80 хувь буюу 5000 орчим нь алт олборлож, аж амьдралаа тэтгэж буй.

 

АМГТГ-аас улсын хэмжээнд бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой 2700 гаруй га талбай байгааг тогтоожээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 375 га талбайд л бичил уурхайчид үйл ажиллагаа явуулж буй аж. Энэ нь А лицензтэй нэг томоохон компанийн олборлолт явуулдаг талбайд ч хүрэхгүй хэмжээний газар юм. Хэдийгээр жижиг мэт сонсогдож байгаа ч олон иргэдийн амьдралыг залгуулж байна. Тухайлбал бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 250 ажилтантай нэг компани 50га газар арван жилийн турш үйл ажиллагаа явуулсан бол 400 ажилтантай уурхай 30га газар мөн л 10 жилийн турш үйл ажиллагаагаа явуулжээ.  

 

Бичил уурхай эрхлэгчид шударга олборлолтын стандарт хангаж байгаа нь эдийн засагт эерэгээр нөлөөлөх бас нэг хөшүүрэг болж байна. Тодруулбал цианит натри, мөнгөн усгүй технологиор олборлолт явуулж, нөхөн сэргээлт хийснээр Шударга олборлолтын стандартыг хангаж, зарим баялаг нь дэлхийн энгэрт гялалзаж байна. Дэлхий дахинд Олимпизмын бахархалт эрхмүүд, Нобелийн шагналтнууд, гоёл чимэглэлийн уран дарх¬чуудын сонгох болсон “ногоон” алтыг монголчууд үйлдвэрлээд эхэлсэн гэх мэдээлэл байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна