ШҮҮХ: Б.Хурцын нэхэмжлэлтэй Ж.Банзанданд холбогдох хэргийг шүүх шийдвэрлэжээ

Админ
2019/11/19

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Батзандан гишүүн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар нэгэн ноцтой мэдээлэл хийсэн. Тэрбээр “Хар тамхины наймааны ард тагнуулын байгууллага байгаа. Б.Хурцын бүлэг гэж тодорхой хэлье.

 

Б.Хурц генералын байгуулсан хар тамхины наймааны бүлэг. Варшавын шүүхийн тогтоол миний гар дээр байна. Б.Хурцын ах дүү нар тамхины наймаа хийж байгаад баригдаад Варшавын шүүхээс ял авсан. Тамхины наймаачдын бүлэг хар тамхины наймааны бүлэг болж хувирлаа” гэж хэлсэн юм. Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц үүнийг “Ямар ч ор үндэслэлгүйгээр нэр хүндэд халдаж, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн” гэж үзэн  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Батзандан гишүүний талаар гомдол гаргасан байдаг. 

 

Тэгвэл түүнийг гомдлыг хэлэлцэх шүүх хурал болж шийдвэрээ гаргажээ. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан, Б.Хурцын нэхэмжлэлийг хэлэлцжээ. 

 

Улмаар нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл буюу мэдэгдэл, хэвлэлийн хурлаар няцаалт хийхийг хариуцагч Ж.Батзанданд даалгаж, 

 

нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас уучлал гуйхыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгч нь хариуцагчийн өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж,

 

нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна