70 кг хар тамхи зөөж яваад баригдсан Б.Баттүшиг өөрийгөө тагнуулын нууц ажилтан гэж мэдүүлжээ

Админ
2019/12/05

БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг дипломат ажилтан, Тагнуулын дэд хурандаа Б.Баттүшиг болон түүний жолооч С.Эрдэнэбаяр нар ХБНГУ-ын Дрезден хотноо 70 кг геройн төрлийн мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан билээ.

 

Улмаар энэ хоёр этгээдэд холбогдох хэргийг өнгөрөгч наймдугаар сарын 12-ны өдөр Дрезден хотын прокуророос шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл дипломат ажилтан Б.Баттүшиг Засгийн газрын даалгавраар тусгай даалгавар буюу тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан хэмээн хэргээ хүлээхээс татгалзсан тухай мэдээлэл гарч байна. 

 

Уг мэдээлэлд “2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр дипломат ажилтан тээшиндээ 70 кг геройнтой явж байсныг Гааль, холбооны цагдаа нар зогсоож шалгасан. Энэ бол маш их хар тамхи илрүүлсэн хэрэг байв. Гэтэл өнгөрөгч даваа гарагаас эхлэн хоёр хүн Дрезден хотын шүүхийн өмнө жагсаж байна. Дипломат Б.Баттүшиг нь Холливудын киноны түүх зохиож, өмгөөлөгчөөр өөрийгөө өмгөөлүүлж байна. “Би тагнуулын нууц ажилтан байна. Би нууцаар ажиллаж байсан” гэж мэдэгдлээ.

 

Хуульч, доктор, профессор Клаус Бернсман “Ноён Б.Баттүшиг бол Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан, тагнуулын өндөр албан тушаалтан. Тэрбээр, Истанбул хотноо дэд консулаар ажиллаж байхдаа нууц ажил явуулж, уг ажлыг шалгах шаардлагатай болсон. Тиймээс гэмт хэрэгтнүүдийн хамт Монголын дипломат ажилтнууд хар тамхи, хуурамч брэндийн бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлэх талаар мэдээлэл цуглуулсан” гэжээ. 

 

Монгол Улсын дипломат албаны нэр хүндийг дэлхий дахинд шившиг болгосон дээрх хоёр албан тушаалтныг өнгөрсөн зургадугаар сарын 19-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэд гурван сая орчим евро буюу 10 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний 500 граммаар жижиглэн боосон, нийт 70 кг геройн гэх мансууруулах бодис тээвэрлэж байсан нь ил болсон. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна