Эрдэнэт үйлдвэрээс 100 тэрбум төгрөгийн тендер авсан “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-ийг АТГ шалгаж эхэлжээ

Админ
2019/12/09

Эрдэнэт үйлдвэрийн ихэнх тендер, бараа үйлчилгээ, худалдан авах ажиллагааг хятадын компаниуд хийдэг болсон талаар манай сайт өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тодруулбал өнгөрсөн тавдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам ф820мм ган хоолойг угсрах, түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер шалгаруулалтын ажил зарлагдаж, “Синохидро Корпорейшн лимитед” ХХК хууль зөрчиж, авсан байдаг. 
 
Тодруулбал “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-ийн үнийн санал, тендерийн баталгаа, албан мэдэгдлүүд нь хавсаргаагүй, задгай иржээ. Өөрөөр хэлбэл хамгийн нууц байх ёстой мэдээллүүд нь задгай ирсэн талаар Сангийн яаманд гомдол ирснийг хүргэсэн. Тэгвэл  Эрдэнэт үйлдвэрээс 104 тэрбум төгрөгийн тендер авсан “Синохидро Корпорейшн лимитед”-ийг АТГ-аас шалгаж эхэлжээ.  


Энэ талаар  УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар “Эрдэнэт үйлдвэр Засгийн газрын мэдэлд 100 хувь очсон цагаас эхлэн хятад иргэдийн нөлөө, бизнесийн оролцоо нэмэгдсэн байдаг. Оросууд байхад ор сураггүй байсан хятадууд Х.Бадамсүрэн захирлын үед бүх бараа үйлчилгээ, тендерийг хуу хамдаг болжээ. Энэ нь авлигатай холбоотой учраас АТГ шалгаж байгаа юм билээ.


Жишээлбэл саяхан ган хоолой солих зуун тэрбум төгрөгийн үнийн саналтай тендерт Хятадын зургаан компани өрсөлдсөн. Тэр дундаас хамгийн муу үнийн санал өгсөн, бичиг баримтын бүрдүүлэлт дутуу Жан захиралтай “Синохидро Корпорейшн лимитед” ХХК шалгарсан байна. Сангийн яамнаас наад хятад компани чинь тендерийн хууль зөрчсөн байна гэж дахин дахин буцаагаад байхад шууд өгсөн байна лээ. Үүний цаана асар их авлига, албан тушаалтнуудын хуйвалдаан мэдрэгдсэн. Хууль зөрчөөд байна, болохгүй гээд Сангийн яамнаас хариу ирүүлээд байхад дөргүй бух шиг зүтгээд байгааг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хятадуудаас айсан, аль эсвэл урьдчилгаа төлбөр авсан байх магадлалтай.

 

Ер нь манай улсын хүндэт авлигачид монголчуудад итгэхээ байсан харагддаг. Монголчууд авлига өгчихөөд матчихаж мэднэ, данс хуулга нь ил, сэрэмж болгоомжгүй учраас тэд шахагдаж байна. Тийм учраас хятадуудаас авлига аваад хилийн цаана оффшор бүст хийчихээд ороод ирэх бүрэн бололцоотой. Эрдэнэтийн эрх мэдэлтнүүдэд “Монголчууд залхуу, ажил хийж чаддаггүй” гэсэн үгээр олон жил халхавч хийж гадныханд найр тавилаа. Энэ үзэл санаа монголчуудыг өөртөө итгэлгүй, залхуу, ядуу болгоод байгаа юм шүү дээ.

 

Яагаад 100 тэрбумын ган хоолой угсрах ажлыг Монгол хүн хийж чадахгүй гэж...Ингэж доромжилж болохгүй байх аа. Эрдэнэт үйлдвэрээс наашлаад эрдэнэтчүүд цаашлаад монголчууд ашиг хүртдэг, давуу эрхтэй тендерт нь оролцдог болох хэрэгтэй шүү дээ” хэмээн ярилцлагандаа дурдсан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна