Б.Болд: Киев, Харьков хотуудад байгаа оюутнуудыг татах нислэг цуцлагдсан тул газраар татах хувилбарыг ярилцаж байна

Админ
2022/02/25

#Шуурхай: ГХЯ-аас Украйны нөхцөл байдал болон иргэдээ татаж авах асуудлаар мэдээлэл хийж байна...

Консулын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд:

- Украйны Харьков хотод өнөөдрийн байдлаар 18 оюутан, 4 байнгын оршин суудаг монгол иргэн байна. Киев хотод 12 оюутан, 3 байнгын оршин суудаг иргэн байна. 

- Харьков хотод байгаа оюутнуудын зарим нь хоргодох байрнаасаа гараад оюутны байрандаа ирсэн талаарх мэдээлэл авсан. Киев хотод байгаа оюутнууд бүгд оюутны байрандаа байна. Львов хотод суралцдаг нэг оюутан Украйн түр хугацаагаар зорчиж байсан 3 монгол иргэний хамтаар Польш улсын хилээр давсан байна. Польш улсын хувьд дайнаас зугтаж байгаа гаднын иргэдийг 15 хоногийн хугацаатай ямар нэг виз болон бусад шаардлагыг тавихгүйгээр хилээрээ нэвтрүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ хүрээнд бид өчигдөр Польшийн хил нэвтрэх хүсэлтэй монгол иргэдийн жагсаалтыг тус улсын талд хүргүүлсэн. Тухайн дөрвөн иргэнийг Польшид очиход нь манай Элчин сайдын яамнаас тосож аваад Монгол руу авчрах ажлыг зохион байгуулна

- Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Украйнд байгаа иргэдийг татан авахад зориулж 500 сая хүртэлх төгрөгийг төсөвлөх шийдвэр гаргасан. Уг нь оюутнуудаа татан авахаар нислэг захиалсан байсан боловч өнөөдөр тухайн өдрийн нислэгүүд цуцлагдсан гэх мэдээлэл ирсэн. Тиймээс иргэдээ газраар татан авах хувилбарыг ярилцаж байна. 

- Одоогийн байдлаар Харьков, Киев хотуудад орж гарах хөдөлгөөн хаасан байдалтай байна. Иймд Украин дахь Монголчууд, оюутнууд байгаа газартаа хоргодон нуугдах зөвлөмж хүргүүлж байна. 

- Өнөөдөр өглөө Украин дахь оюутнуудын ар гэрийнхэн ирж бидэнтэй уулзлаа. Тэд татан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах, хоол хүнсний хомстол үүсэх эрсдэлтэй тул энэ асуудалд анхаарахыг хүссэн.  Украины агаарын хил хаалттай, олон улсын нислэгүүд зогссон. Бид тусгай үүрийн нислэг үйлдвэл бидэнд зөвшөөрөл хэрэгтэй. Оюутнууд, Монголчуудаа ОХУ-ын нутгаар дамжуулан авах хувилбарыг мөн судалж байна.  

- Оюутнууд мөнгөгүй болсон байх эрсдэлтэй тул тэдэн рүү шилжүүлэхээр судалж байна. Гэвч Харьков хотод банкууд ажиллахгүй байна. Хот дотроо байх нь хамгийн аюулгүй байгаа тул хотоос битгий гараарай гэж зөвлөе. ГХЯ-нд 24 цагийн Шуурхай штаб байгуулан ажиллаж байна. 7008-2222 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна