УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ

Б.Ариунзаяа
2023/06/09

 “Бан Ги Мун” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ сарын 12-нд буюу ирэх даваа гарагт  Монгол Улсад айлчлах  гэж байна.

Тэрбээр Ази, номхон далайн орнуудыг хамран жил бүр зохион байгуулагддаг  “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцох юм.

Бан Ги Мун нь 2006  онд анх удаа БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байв. Түүнээс хойш  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа буюу  2009, 2019 онуудад  манай улсад айлчилж байсан юм.

Тэрбээр  БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн орлогч сайд, Гадаад хэргийн сайдын тусгай зөвлөх, Америкийн газрын ерөнхий захирал, НҮБ-ын Вена дахь төвд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байв.

НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нь төр, засгийн өндөр албыг 37 гаруй жил хашсан мэргэжлийн дипломатч бөгөөд эдүгээ НҮБ-ын  Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөөх “Бан Ги Мун” санг байгуулан ажиллаж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна