Ц.Магалжав: Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг Улсын баяр наадамд барилдах эсэхийг комисс шийднэ

Админ
2019/06/25

МҮБХ-ны Дэд ерөнхийлөгч, Улсын заан Ц.Магалжав МҮБХ-ноос гаргасан ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДТЭЙ холбоотой тогтоолын талаар мэдээлэл хийлээ.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон наадмын  сорилго барилдааны үеэр Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд сэргээш хэрэглээд хоёр жилээр эрхээ хасуулсан бөхчүүдийг барилдахыг эсэргүүцсэн билээ. Тэд ингэхдээ Үндэсний бөхийн холбоо яагаад ийм шийдвэр гаргасаныг мэдэхгүй байна. Тав зургаахан бөхчүүдийн төлөө мянга гаруй бөхчүүдийн эрх ашгийг хөндөж байна хэмээсэн юм.

 

Харин эрхээ хасуулсан бөхчүүд Шүүхийн шийдвэрийн дагуу бид барилдах эрхээ сэргээсэн. Үндсэний бөхийн холбоо тус шийдвэрийн дагуу шийдвэрээ гаргасан хэмээн тайлбарласан юм. МҮБХ-ны Дэд ерөнхийлөгч, Улсын заан Ц.Магалжавын мэдээлж байгаагаар тэдгээр бөхчүүдийн эрхийг сэргээх асуудлыг Ү.Хүрэлбаатар тэргүүтнүүд “зохицуулжээ”.

 

Өөрөөр хэлбэл Ү.Хүрэлбаатарын тэргүүлдэг Бөхийн холбоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 06 ханджээ.  Улмаар дээрх гишүүдтэй эвлэрлийн гэрээ байгуулсан учир шүүх бөхчүүдийн эрхийг сэргээсэн байна.

 

Өнгөрсөн хугацаанд тус холбоо дээрх шийдвэрийг хэрэгжүүлээгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан барилдуулах бичиг ирж, Монголын Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, дэд тэргүүн Ц.Магалжав нарт зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.

 

Хэрэг явдал иймдээ тулсан учир МҮБХ-ны тэргүүлэгчид энэ сарын 17-нд хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэж, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхөд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх тогтоол гаргасан байна.

 

МҮБХ-ны Тэргүүлэгчид нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тогтоолд тэдний олонх буюу МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, улсын харцага Л.Бадарч, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, бөх тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нар тогтоолыг дэмжин гарын үсэг зурж, улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ц.Мягмарсүрэн, МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, бөх судлаач Б.Цогтбаатар нар гарын үсэг зурахаас татгалзсан байна. Дээрх бөхчүүд Улсын баяр наадамд барилдах эсэхийг лавлахад Ц.Магалжав “Үндэсний баяр наадмын комисс шийднэ” гэлээ.

 

С.Гэгээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна