Кино урлаг заримдаа хэтэрхий чамирхал, хийсвэр төсөөллийн манан дунд төөрөх нь бий. Гэвч "Аранжин пикчерс"-ийн бүтээл, найруулагч Б.Батдэлгэрийн "Задлаагүй захиа" киног үзээд мэлмэрсэн их бодол, нүд бүрхсэн нулимсан дунд живж хоцорлоо. Энэ бүтээл бол энгийн атлаа бүхнийг багтааж, эгэл атлаа бүгдийг шингээсэн амьдралын үнэн байв.
Чимээгүй хайрын гүн
Кино уйлуулах гэж, уяраах гэж огтоосоо хүчилсэнгүй. Зүгээр л гол дүрийн аавтай хамт санагалзаж, хамт хүлээж, хамтдаа гашуун үнэнтэй эвлэрэхгүй зөрүүдлэхэд хүргэв. Үүд сахиж, уулс харуулдан, "амьд л байвал..." гэж арвантаа шивнэлээ.
Санахын зовлон, уулзахын хүслэн...
Хүний амьдралын хамгийн дулаахан бөгөөд хамгийн бат бөх түшиг бол Аав хүн билээ. Бид аавыгаа заримдаа дэндүү дассан, байх ёстой тавилан мэтээр анзааргагүй санаж явдаг ч, үнэндээ тэд бол амьдралын шуурга бүхнийг өөртөө хааж зогсох, хэзээ ч нурж ганхдаггүй амьд уул юм.
Мянган аавын дүр төрх
Тэдний үг цөөн ч, үйлдэл нь агуу. Тэдний хайр чимээгүй ч, үнэ цэн нь хэмжээлшгүй. Гол дүрийн жүжигчин Лхагва гуай эцэг хүний тэрхүү давтагдашгүй зан чанар, өнгө төрхийг ямар гайхалтай урлаа вэ! Тэр харц, биеийн хэлэмж, зовхины чичирхийлэл, үг дуугүй бодлогошрол нь мянга мянган Монгол аавуудын нийтлэг төрх байлаа.
Цэрэгт мордож буй хүүгээ үдэж зогсоо аавын харц юуг өгүүлдэг вэ? Тэнд зөвхөн хагацал бус, асар их бахархал, нууцхан айдас, бас хэзээ ч үл тасрах итгэл найдвар оршдог.
Задлаагүй захиа буюу Төгсөшгүй итгэл
Хүлээх хүнтэй, хүлээлгэх аавтай байна гэдэг бол энэ хорвоогийн хамгийн том хувь заяа. Аав хүн хэзээ ч нугардаггүй багана шиг гэр бүлээ тэтгэж, үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө чимээгүйхэн зольж явдаг. "Задлаагүй захиа" бол зөвхөн хүүгээ ирэхийг хүлээсэн эцгийн түүх биш, ерөөс хүмүүний сэтгэл дэх хамгийн нандин, хамгийн гэрэлтэй бүхнийг "итгэл" хэмээх хавчаарт хавчуулж, ирээдүйн зүг харуулдсан амьдралын үнэн төрх юм.
Энэ киног үзээд бид нэг л зүйлийг ухаарах болов уу. Аав гэдэг хүн биднийг зүрхээрээ түшиж, хайраараа хамгаалж явдаг нар юм.
Тэнгэр нурах шиг тэр агшин...
Амьдрал заримдаа хэтэрхий хатуу, хувь тавилан дэндүү өршөөлгүй. Хүүгээ ирнэ гэсэн итгэлийг зүрхэндээ лаа мэт асааж, өдөр хоногийг аргамжсан аавын хувьд "Хүү чинь ирэхгүй..." гэх тэр гашуун үг зүгээр нэг мэдээ биш, дээрээс нь тэнгэр нураад ирэх шиг л хүнд туссан биз.
Гэвч аав хүн тэр их өвдөлтийг гаднаа гаргаж орилж хашхирсангүй. Дотор нь бүх зүйл үйрэн бутарч, гол нь тасарч байхад ч тэр л янзаараа, тэр л нөмөрлөг уул шиг хүлээн авна. Уулын энгэр тэр чигтээ хэзээ ч замхрахгүй сүүдэр татчихвуу гэлтэй. Тэр агшинд Лхагва гуайн харцанд бүхэл бүтэн амьдралын нуралт, итгэл найдварын сүүлчийн оч бөхөж буй нь харагдав. Гэхдээ л тэр үүнд огтоос итгэхийг хүссэнгүй..
Эцсийн бүлэгт, аав гэдэг хүн бидний амьдралд ердөө нэгэн дүр биш, харин бидний оршихуйн эхлэл, тулгуур багана нь юм. Үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө нар мэт элээж, саран мэт харуулдаж байдаг.
Тэр "хайртай" гэж хэлэхээсээ илүүтэйгээр, өвлийн хүйтэнд дулаан гутал, өдрийн халуунд сэрүүн сүүдэр болж хайрладаг.
Бидний амьдралын зам мөр бүхэнд аавын минь хөлс, аавын минь залбирал, аавын минь итгэл шингэсэн байдаг. "Задлаагүй захиа" киноноос бид хүүгээ хүлээсэн эцгийг биш, харин биднийг үргэлж хүлээж суудаг, биднийг үргэлж уучилж чаддаг, биднийг үргэлж гайхамшиг мэтээр хардаг тэр л агуу сэтгэлийг олж харлаа.
Таны аав дэргэд чинь байгаа бол яг одоо чангаас чанга тэврээрэй. Харин тэнгэрийн орноос таныг харж байгаа бол сэтгэлдээ "Баярлалаа, аав аа" гэж шивнээд, тэр хүний үлдээсэн тэр л ноён нуруу, итгэл найдварыг тээж яваарай.
Аав гэдэг хүн өөрөө бидний амьдралдаа уншиж дуусдаггүй, үргэлж гэрэлтдэг "Нандин захидал" билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна