С.Батчулуун: Дэлхий дээр ганцхан манай улс л оффшорчин парламентын гишүүдтэй

Админ
2019/08/07

Өнөөдөр “АТОЗ” ТББ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын оффшор бүсэд хадгалсан хөрөнгийн талаар мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд оффшорын асуудлыг амжилттай хэлэлцсэн талаар мэдэгдэл хийлээ.  АТОЗ-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун энэ талаар “АТОЗ-ын зүгээс төрийн бүх байгууллагуудад баримтуудыг өгч, шахаж шаардаж байгаа. БНХАУ-ын хуулийн байгууллагын тамга тэмдэг бүхий материалуудаас эхлээд бидэнд няцаагдашгүй мэдээлэл их бий. Хамгийн итгэж байгаа субъект маань Монгол Улсын ерөнхийлөгч. Оффшорын талаарх мэдээлэл 100 жил болсон ч мэдэгдэхгүй өнгөрч болох байсан.  Оффшорын компани нь интернэт халдлагад өртөж, энэ талаарх мэдээлэл албан ёсоор цацагдсан. Монголын 49 хүн 611 компани орсон байна гэдгийг дэлхий нийтэд албан ёсоор мэдээлсэн” гэлээ.

 

 

-    Оффшор бүсэд хэр их хэмжээний хөрөнгө байгаа вэ. Монголд оруулж ирэх гарцыг юу гэж харж байна вэ?


-    АТОЗ оффшорын эсрэг өнгөрсөн гурван жилийн турш тууштай тэмцсэн. Энэ хугацаанд Монгол улсын Ерөнхийлөгч оффшорын эсрэг, тэнд байгаа хөрөнгийг монголд оруулж ирэхийн төлөө ажиллана хэмээн ард түмэнтэйгээ гэрээ хийлээ. Мөн саяхан АНУ-д айлчлах үеэрээ тус улстай оффшорын эсрэг хамтарч ажиллахаар боллоо. Энэ хамтын ажиллагааны хүрээнд хоёр том конвенцийг ашиглана. Авлигын эсрэг НҮБ-ын конвенци, Үндэстэн дамнасан мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийг эсрэг конвенци. Манай улс эдгээр конвенциудад нэгдсэн ч хав дарчихсан. Яагаад гэвэл хэрвээ энэ конвенцийг ил болговол Оюутолгойн гэрээг хийхэд маш хүнд болох байсан. Энэ конвенцийг нууж, ашиггүй гэрээний боломжийг хангаж өгсөнийхөө төлөө шанд оффшорт нуух хэмжээний авлига авсан гэж харддаг. Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд, С.Баярцогт нар эдгээр конвенциудыг мэдсээр байж, Рио тинтотой гэрээ хийхдээ ашиглаагүй. Эдгээр конвенциуд хуулийн нэгдсэн төв, Гадаад харилцааны яам, УИХ-ын Тамгын газарт тэр ч байтугай хуулийн сургуулиудын сургалт, эрдэмтэн доктор багш нар ч мэддэггүй. Ийм байдлаар дарж гурван жил явсан. Харин үүнийг онцолж авсан ганц сүбекьт нь Ерөнхийлөгч. М.Энхболдыг УИХ-ын дарга байхад АТОЗ хангалттай бичиг өгсөн. Хууль хяналтын байгууллагуудад ч гэсэн хангалттай шаардлага хүргүүлсэн.

 


-    Оффшор бүсэд данстай Монгол улсын 49 иргэн байна. Эдгээр хүмүүсийн 23 нь төрийн албан хаагч, тав нь УИХ-ын гишүүн байна гэсэн мэдээлэл байдаг?


-    Энэ талаар АТОЗ байнга мэдээлж байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Л.Элдэв-Очир, Б.Дэлгэрсайхан оффшор данстай гэдэг нь тогтоогдчихсон. Эдгээр хүмүүсийг данстай байна гэдгийг Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн концерциумаас зарлачихсан шүү дээ. Дэлхий дээр оффшор бүсэд данстай парламентын гишүүдтэй улс ганц манайх л байна. Бусад орны  парламентын гишүүд бүгд арга хэмжээгээ авахуулчихсан байхад манайд дахин сонгогдох гээд, сонгуульдаа бэлдээд сууж байна шүү дээ.

 


-    Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд үр дүн гарна гэж харж байна уу?


-    Үр дүн гарна. Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд оффшортой маш их тэмцсэн. Прокурор, шүүх, цагдаа, тагнуул, АТГ  гээд "ноцолдоогүй" газар үгүй. Одоо дарагдсан конвенциудыг гаргаж ирж байна. Тэгэхээр үр дүн гарна гэж найдаж байна. Оффшорчингуудад хандаж хэлэхэд хөрөнгөө өөрсдийнхөө санаачилгаар оруулж ирсэн дээр дээ. Хэрвээ тэндээ царцаавал маш хүнд байдалд орно. Харин эх орондоо авчирвал татварын хууль зөрчсөн асуудал л яригдана.

 

Б.Өрнөх

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна