Оюутолгойн сонсгол: 6.3 тэрбум тонн нөөц, 16 жилийн үйл ажиллагааны тоон дүр зураг
Сүүлийн өдрүүдэд болж буй сонсголд олон нийтийн анхаарал эрс нэмэгдсэн нь ил тод байдал, хариуцлагын асуудалд иргэдийн сонирхол өндөр байгааг харуулж байна. Олон хүн бодит мэдээлэл авч, үйл явцыг шууд ажиглан, өөрсдөө дүгнэлт хийх боломжтой болсон нь сонсголын нэг гол үнэ цэн гэж харагдаж байна.
"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол гурван өдөр зохион байгуулагдана.
Эхний өдрийн сонсголоор "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцсэн юм.
"Оюутолгой нь 6.3 тэрбум нөөцтэй. Зэс үйлдвэрлэлийн байдлаар 2024 онд дэлхийн топ 20 үйлдвэрлэгчийн 12-т жагссан. Гүний уурхай нь энэ жил ашиглалтад орсноор дэлхийд гуравт эрэмбэлэгдэх томоохон тоглогчийн нэг болох судалгаа гарсан. Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг хамгийн бага уурхайнуудын нэг. Оюутолгой төслийн үйлдвэрлэлийн хамгийн ашигтай мөчлөг ирэх жилүүдэд тохионо.
2007 оны УИХ-ын тогтоолоор стратегийн ордод багтаасан. 16 жилийн турш гадаадын хөрөнгө оруулалттайгаар үйлдвэрлэл явагдсан. Нийт валютын нөөцийн 41 хувийг, нийт экспортын 17 хувийг бүрдүүлдэг. Гэвч нийт гадаад өрийн 50 хувийг дангаараа эзэлж байна.
2010-2024 оны хооронд 440 сая тонн хүдэр боловсруулж, 8.4 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн. 16.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Үүнээс Монгол Улсад 3.2 тэрбум ам.долларыг АМНАТ, татвар хураамжийн хэлбэрээр төлсөн. Энэ нь "Эрдэнэт үйлдвэрийн сүүлийн зургаан жилийн төлбөртэй адилхан" .
Үргэлжлүүлэн "Оюутолгой" ордын ашиглалтын талбайг танилцуулвал,
"Оюутолгойн бүлэг бол дэлхийд аравт, Азид гуравт ордог том орд. Ордын нийт 80 гаруй жил ашиглахаас 35 орчим жилд нь Онтрэ ХХК-ийн талбайгаас олборлолт явуулахаар төлөвлөсөн. Онтрэ болон Оюутолгойн ашиглалтын талбай дахь эрдэсүүд геологийн нэг цаг үед үүссэн. Нэг гарал үүсэлтэй. Зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилээр хуваагдсан нэг бүлэг орд юм. Ашиглалтын технологи, ашиглах дараалал нь салшгүй нягт уялдаатай. "Онтрэ"-гийн Хойд Хюго ордыг ашиглахын тулд заавал Оюутолгой компанийн талбайгаас эхэлнэ. Оюутолгой компани хүдэр олборлохын тулд заавал Онтрэ компанийн талбайгаас эхэлнэ. Ордуудын ашиглах арга нь ижил" хэмээлээ.
"2004-2025 оны санхүүгийн тайлангаа Сангийн яаманд хүргүүлсэн. Нягтлан байхгүй тул санхүүгийн тайланг гэрээт компаниар бэлтгүүлсэн. 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаар 201.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. 27.5 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай. 2002, 2003 оны санхүүгийн тайлан ТЕГ, Сангийн яаманд байхгүй байна. Энэ талаар “Онтрэ” компаниас тайлбар ирүүлсэн боловч нууцын зэрэгтэй тамга дарагдсан тул мэдээлэх боломжгүй байна. 2002-2025 оны хооронд 912 сая төгрөгийн татвар төлсөн. Үүний 697 сая төгрөг нь нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан дүн.
2004, 2008, 2013, 2016 онуудад татварын хяналт шалгалт хийгдсэн. 2016 оноос хойш өнөөг хүртэл ямар нэгэн хяналт шалгалт хийгдээгүй байна".
Энэ удаагийн сонсголд улс төр, төрийн удирдлагын түвшний олон хүн ирсэн нь анхаарал татаж байгаа юм. Үүнд:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр, Н.Багабанди
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, З.Энхболд, Ц.Нямдорж
УИХ-ын 16 гишүүн
Засгийн газрын гишүүн болон сайдаар ажиллаж байсан 16 хүн
Энэ өргөн хүрээний оролцоо нь тухайн асуудал улс орны хэмжээнд ямар чухал болохыг харуулж байгаа гэж ажиглагчид дүгнэж байна.
Сонсголын явцад Оюутолгойн төсөлтэй холбоотой олон жил яригдсан асуудлууд илүү дэлгэрэнгүй яригдаж, олон нийт бодит эх сурвалжаас мэдээлэл авч эхэлж байгаа нь давуу талтай.
Ил тод сонсголын орчин нь:
томоохон төслийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй болох
иргэдийн хяналт, шаардлага нэмэгдэх
шийдвэр гаргагчид хариуцлагатай ажиллах шаардлага улам тод харагдах зэрэг үр нөлөөтэй гэж зарим шинжээчид тайлбарладаг.
Түр хороо, шинжээчид энэ удаад баримт, дүгнэлтүүдийг нягтлан үзэж ажилласан нь сонсголын чанарт нөлөөлж байгаа гэж дүгнэх боломжтой.
О.Батнайрамдал болон холбогдох шинжээчид асуудлыг олон талаас нь судалж, өмнөх гэрээ хэлцэл, санхүү, техникийн үзүүлэлт талаас мэдээлэл өгч байгаа нь иргэдийн ойлголтыг тэлэхэд тус болж байна.
Өмнөх сонсголуудад голчлон дарга асуулт тавьдаг байсан бол энэ удаагийн сонсголд бүх гишүүд идэвхтэй оролцож, ихэнх гэрчидээс асуулт тавьж байгаа нь:
асуудлын цар хүрээ том
олон талын хариулт шаардлагатай
хууль тогтоогчдын оролцоо нэмэгдсэн гэсэн шинжүүдийг харуулж байна.
/2025.12.10/
Сонсголд оролцож байгаа оролцогчдыг танилцуулснаар УИХ-ын Хянан шалгах түр хорооны хоёр дахь өдрийн сонсгол эхэлсэн. Ажиглагчаар "Иргэн та хүч" ТББ-ын төлөөлөл н.Өлзийбат, байгууллагуудын төлөөллөөс Татварын ерөнхий газраас даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цогтнаран, Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргал, Татварын хяналт, шалгалтын арга зүйн газрын дарга Б.Бадамцэцэг, Эрсдлийн удирдлагын газрын дарга Б.Батсайхан, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Санхүү төлөвлөлт шинжилгээний хэлтсийн менежер н.Баяр-Өлзий, "Эрдэнэс Монгол" компаниас Төслийн судалгаа үнэлгээний газрын дарга н.Батмөнх, Геологи үйлдвэрлэл, бодлогын газрын дарга Ц.Төгсбуян, Чанар бүтээмжийн асуудал хариуцсан менежер Д.Ядамжав, Оюу Толгой ХХК-иас ТУЗ-ийн гишүүн, Рио Тинто компанийн Зэсийн өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн захирал н.Дуламсүрэн, Ил уурхайн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер н.Отгонбаяр, ТУЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга н.Цэрэнхүү, Нөөцийн үнэлгээ мэдээллийн систем хариуцсан ахлах менежер н.Одончимэг, Ерөнхий менежер н.Байгальмаа, ахлах хуульч н.Мандуул, ахлах мэргэжилтэн н.Ерөөлт, н.Долгион нар буюу 4 байгууллагын 19 нэрс ирснээс 18 нь ирсэн.
Сонсголд бүртгүүлсэн ажиглагч 16 иргэнээс 9 нь хүрэлцэн ирсэн. /2025.12.10/ сонсголоор Оюу Толгой компанийн хувь нийлүүлэгчийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулж дахиж тодотгосон болоод зах зээлийн жишигт нийцүүлж бууруулах талаар авсан арга хэмжээ зэрэгт хянан шалгагчийн тайланг сонсож байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеийн санхүүжилт, санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, Оюу Толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг хэлэлцсэн юм.
2025.12.12-нд буюу баасан гарагт: “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл) болно.
Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна