Ус, цаг уурын байгууллагын мэдээллээр Хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй Туул, Сөгнөгөр, Хараа, зүүн хажуугаас эхтэй Онон, Балж, Хэрлэн, мөн Хангайн нурууны өвөр хэсгээс усжих Буянт, Богд голууд болон Орхон голын адагт усны түвшин өмнөх өдрөөс 10–30 см-ээр нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар Ерөө, Тэрэлж, Сэлбэ, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Ховд голууд үерийн түвшинг 5–45 см-ээр, Балж, Хүдэр голууд үерийн аюултай түвшинг 5–20 см-ээр даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.
Маргааш буюу 6 дугаар сарын 27-нд Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд 5 см, Алтанбулаг сум орчимд 25 см, Хэрлэн гол Өндөрхаан орчимд 10 см, Хараа гол Дархан орчимд 25 см, Онон гол Дадал сум орчимд 10 см-ээр тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд гол мөрний сав дагуу амьдарч, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага болон аялж, амарч, зугаалж яваа иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, зориулалтын болон зориулалтын бус хөвөгч хэрэгслээр голд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!