Италид болж буй өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд ганцхан өрөг үлдээд байна. 83 орны шилдэг өсвөрийн шатарчид өрсөлдөж буй тус тэмцээний аваргууд маргааш тодорно.

10 өргийн дараах байдлаар Монголын шатарчдаас охидын 14 хүртэлх насны ангилалд Б.Энхнамуун 7.5 оноотойгоор зургаадугаарт бичигдэж байна. Харин 16 хүртэлх насанд Б.Буянхишиг 6.5 оноотойгоор 16 дугаар байрт жагсаж буй юм.

18 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй Монголын хоёр шатарчин сүүлийн өрөгт медаль, шагналт байрны төлөө тоглоно. 7.5 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдэж буй Э.Хүслэн Энэтхэгийн Бордолой Пратиттэй оноолт таарсан бөгөөд энэхүү тоглолтын үр дүн медалийн хувь заяаг шийдэх юм. Хэрэв Э.Хүслэн ялалт байгуулж чадвал өсвөрийн дэлхийн аваргын медалийн болзол хангах боломжтой.

Мөн энэ насны ангилалд 7.0 оноотойгоор зургаадугаарт бичигдэж буй Э.Эмүжин Казахстаны Заринагийн эсрэг шагналт байрны төлөө тоглохоор болжээ.

Хөвгүүдийн ангилалд 14 хүртэлх насанд М.Санчир, 16 хүртэлх насанд Б.Зэв нар 10 өргийн дараах байдлаар тус бүр 5.5 оноотой явж байна.

Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн буюу 11 дэх өрөг маргааш болж, аварга болон медальтнууд тодрох юм.