Гаалийн байцаагчийн хахууль авч буй бичлэгийг дэлгэлээ

Админ
2019/09/10

Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийж, Замын-Үүдийн гаалийн байцаагчийн хахууль авч буй бичлэгийг дэлгэлээ.  Уг хэрэг нь 2015-2016 онд үйлдэгдээд 2018 оны 1 дүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нарын хэрэг ажээ. Давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг 34 хүнд холбогдох хэрэг юм байна.


Тодруулбал Гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн барааг гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28.281.063 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүйн хариуд нийт 4.500.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож шүүхээс ял шийтгэсэн байна. 

 

Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Та бүхэн энэ мөнгөний хэмжээг харж байгаа байх. Өнгөц дүгнэхэд бага дүнтэй мөнгө харагдаж байна. Зориуд үүнийг “жараахай” барилаа, “спорт загасчлал хийлээ” гэх мэт ойлголт гарган нийгэмд түгээж байгаатай хэрхэвч санал нийлж болохгүй. Авлигын гэмт хэрэгт том, жижиг гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн нэг машин дээр жишээ татахад л өдөрт 90 тонн ачаа ямар ч хяналтгүйгээр улсын хилээр орж ирж, төсөвт орох ёстой 20 сая төгрөгийн татвар орохгүй байна. Мэдэгдсэн нь энэ боловч илрээгүй байгаа нь хэд байгаа бол” гэлээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна