Австрали улсын Викториа мужийн Леонгата тосгонд 2023 онд гарсан хэргийн шүүх хурал өндөрлөлөө. Викториа мужийн шүүх шийдвэрээ өнөөдөр танилцуулсан байна.

50 настай Эрин Паттерсон гэдэг эмэгтэй хоёр жилийн өмнө хадмуудаа хортой мөөгөөр хоол хийж өгч, хордуулж амь насыг нь хороосон. Энэ хэрэг Австрали улсыг төдийгүй дэлхийн нийтийг цочирдуулсан юм. Тиймээс уг хэргийн тухай баримтат кино материал, нийтлэл, бичлэгүүд өнгөрсөн жилүүдэд дэлхий дахинд түгсэн.

Эрин нөхөр Саймон Паттерсоноосоо салж тусдаа амьдрах болсон байна. Хэдийгээр нөхрөөсөө салсан ч хадам аав ээж, хадам ах эгч нартайгаа холбоотой байдаг байжээ. Нэг өдөр тэрээр нөхрийнхөө аав буюу хадам аав Дон, ээж Гэйл Паттерсоныг, хадам эгч Хитер Вилкинсоныг, түүний нөхөр Ианы хамтаар хоол идэхийг урьсан байна.

Гэвч уг хоолыг идсэн дөрвөн хүний гурав нь нас барж, ердөө хадам эгчийнх нь нөхөр Иан Вилкинсон амьд үлджээ.

Цагдаа нар уг хэргийг шалгасны дүнд тэдгээр хүмүүсийн идсэн хоолонд хортой мөөг байсныг илрүүлсэн. Энэ мөөг нь дэлхий дээр ургадаг хамгийн хортой, үхлийн аюултай мөөгнүүдийг нэг байсан юм.

Улмаар шүүх хурал нь үргэлжилж, шүүгчид эцсийн шийдвэрээ танилцууллаа. Шүүгчид Эрин Паттерсоныг гурван хүний амь насыг хороож, нэг хүний амь насанд хүрэхийг санаархсан хэрэгт гэм буруутай гэж үзлээ. Тиймээс бүх насаар нь хорих ял шийтгэл оноосон байна. Мөн түүний ял эдэлж байгаа эхний 33 жилийн хугацаанд ямар ч өршөөлд хамрагдахгүй, өршөөл үзүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Хортой мөөгтэй хоолноос идсэн ч амьд үлдсэн сүмийн номлогч Иан Вилкинсоныг хороохыг завдсан хэрэгт нь л гэхэд 25 жилийн хорих ял шийтгэл оноосон байна.

Шүүх хурлын явц, шүүгчдийн шийдвэрийг Викториа мужийн нийслэл Мельбурн хотын дээд шүүхийн танхимаас телевизийн сувгаар шууд дамжуулан олон нийтэд үзүүлсэн байна.

Шүүгч Кристофер Бийл гэмт хэрэгтэн хэргээ үйлдэхдээ урьдчилан төлөвлөсөн байсан гэж үзсэнийг танилцуулсан. 2023 оны долоодугаар сарын 16-ны өдөр Эрин нөхөр Саймоноо эцэг эх, нагац эгч хүргэн ахынх нь хамт хоол идэхээр гэнэт урихдаа хүүхдүүд авчрахгүй байхыг хүссэн байна. Тэдэнд өөрт нь тулгараад байгаа эрүүл мэндийн асуудлын талаар ярилцана гэж хэлсэн ч энэ нь ор үндэслэлгүй байсан гэж шүүгч хэлжээ. Нөхөр нь тухайн үед очоогүй байна. Ор үндэслэлгүй асуудлаар хадмуудаа гэнэт урьсан нь тэднийг хороох зорилготой байсныг гэрчилж байна гэж шүүгчид үзжээ.

Хэрэв Эрин Паттерсон болон түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг хүлээж авахаас татгалзаж байвал давж заалдах дөрвөн долоо хоног буюу 28 хоногийн хугацаа үлдсэн байна.

Түүнд оноосон ял шийтгэлийн хэмжээ Австрали улсын хэмжээнд эмэгтэй хүнд оноосон хамгийн урт хугацааны хүнд ял шийтгэлүүдийн нэгт тооцогдож байна.