“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь ХонгКонгд зохион байгуулагдаж буй Super Terminal Expo 2026 арга хэмжээнд амжилттай оролцож, “Best Terminal Masterplanning & Adaptive Design – Under 5 Million Passengers” буюу жилд 5 саяас доош зорчигч хүлээн авах хүчин чадалтай нисэх буудлын терминалын ерөнхий төлөвлөлт, дасан зохицохуйц дизайны ангилалд шалгарч, "STE Awards 2026" олон улсын шагналын эзнээр тодорлоо.

Super Terminal Expo нь нисэх буудал, зорчигч болон ачаа тээврийн терминалын зураг төсөл, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, технологийн шинэчлэл, тогтвортой хөгжлийн чиглэлээр дэлхийн улс орнуудын нисэх буудлын оператор, салбарын мэргэжилтэн, технологийн компани, дэд бүтцийн байгууллагуудыг нэгтгэдэг олон улсын мэргэжлийн арга хэмжээ юм.

Super Terminal Expo-2026 арга хэмжээг Олон улсын үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулагч Informa Markets 2026 оны 11 дүгээр сарын 3–5-ны өдрүүдэд ХонгКонгийн AsiaWorld-Expo төвд зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын нисэх буудлын салбарын шилдэг мэргэжилтнүүд терминалын төлөвлөлт, дэд бүтцийн хөгжил, үйл ажиллагааны үр ашиг, ухаалаг технологи, тогтвортой шийдэл зэрэг салбарын ирээдүйн хөгжлийг тодорхойлох асуудлаар мэдлэг, туршлагаа хуваалцаж байна.

STE Awards нь нисэх буудлын терминалын дизайн, инновац, үйл ажиллагааны үр ашиг, ачаа тээвэр, тогтвортой хөгжлийн чиглэлээр гаргасан онцлох амжилт, шийдлүүдийг мэргэжлийн шалгуураар үнэлж, салбарын шилдэг туршлагыг олон улсын түвшинд тодруулдаг шагнал юм.

Энэ жилийн “Best Terminal Masterplanning & Adaptive Design” шагналыг нисэх буудлуудын жилийн зорчигч хүлээн авах хүчин чадлыг харгалзан гурван дэд ангиллаар олгосон бөгөөд тус бүрд дараах нисэх буудлууд шалгарчээ. Үүнд:

•             Жилд 5 саяас доош зорчигч хүлээн авах хүчин чадалтай: Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудал;

•             Жилд 5–20 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай: Энэтхэгийн Guwahati International Airport (AECOM);

•             Жилд 20 саяас дээш зорчигч хүлээн авах хүчин чадалтай: Японы Kansai International Airport Terminal 1.

STE Awards нь өмнөх жилүүдэд ч дэлхийн нисэхийн салбарын нэр хүндтэй байгууллагуудын амжилтыг онцолж ирсэн. Тухайлбал, 2024 онд Сингапурын Changi Airport Group терминалын дизайны чиглэлээр, Хонг Конгийн олон улсын нисэх буудал тогтвортой хөгжлийн санаачилга болон ачаа тээврийн төвийн үйл ажиллагааны чиглэлээр тус тус шалгарч байсан бол 2025 онд ХонгКонг болон Инчоны олон улсын нисэх буудлууд терминалын инновацын ангилалд, Энэтхэгийн Manohar International Airport, Индонезийн Sultan Hasanuddin International Airport, БНХАУ-ын Beijing Daxing International Airport нь зорчигч хүлээн авах хүчин чадлаар ангилсан терминалын дизайны гурван төрөлд тус тус шагнал хүртэж байжээ.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүртсэн энэ удаагийн шагнал нь терминалын ерөнхий төлөвлөлт, дасан зохицох инженерчлэл, урт хугацааны ашиглалтын уян хатан байдал, байгаль орчин болон орон нутгийн онцлогийг тусгасан дизайн, зорчигч болон ачаа тээврийн урсгалд нийцсэн зохион байгуулалтын шийдлийг олон улсын түвшинд үнэлсэн онцлох амжилт юм.

Энэхүү олон улсын мэргэжлийн үнэлгээ нь Монгол Улсын агаарын тээврийн гол гарц болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийн хөгжил, терминалын төлөвлөлтийн шийдлийг олон улсын нисэхийн салбарт таниулах, цаашдын хөгжил, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь Монгол Улсын дэлхийтэй холбогдох гол гарцын хувьд үйл ажиллагаа, үйлчилгээ, дэд бүтцийн хөгжлөө олон улсын жишигт нийцүүлэн тасралтгүй сайжруулахыг зорин ажиллаж байна.