Пакистаны Пунжаб мужид хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хоёр сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн талаар Үндэсний гамшгаас хамгаалах албаны дарга Инам Хайдер Малик мэдээллээ. Түүний хэлснээр ойрын өдрүүдэд дахин олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарах төлөвтэй байна.

Гэсэн ч олон иргэн эд хөрөнгөө хамгаалахын тулд үерийн аюулыг үл хайхран гэр орондоо үлдэхийг сонгож буй аж. Шинэчилсэн мэдээллээр зургадугаар сарын сүүлчээс хойш үерийн улмаас нийтдээ 900 гаруй хүн амиа алдсан байна.

Үерийн гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн их хэмжээний хур тунадас бөгөөд энэ нь гол мөрний урсацыг өөрчилж, нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Түүнчлэн дохиоллын систем, дэд бүтцийн сул хөгжил гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлсэнд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Пакистаны хүн амын 40 хувь ядуурлын түвшинд амьдардаг бөгөөд тэдний ферм, сууц хамгийн ихээр сүйджээ.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа ч эрсдэлтэй үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн мягмар гаригт аврах завь хүчтэй урсгалд автсанаас есөн хүн амь үрэгджээ.

Үндэсний гамшгийн удирдлагын газар үерт нэрвэгдсэн өрхүүдэд майхан, хөнжил, ус шүүх төхөөрөмж зэрэг тусламж илгээж байна. Мөн НҮБ энэ долоо хоногт үерийн хариу арга хэмжээг дэмжихэд таван сая ам.долларын санхүүжилт баталжээ. Тус тусламжийг АНУ-ын Төрийн департмент баталж, газар дээр нь аврагч хүчнийг байршуулсан нь Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд үзүүлсэн анхны ийнхүү шууд тусламж болж байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр үерт автсан газар нутгийн нөхөн сэргээлтийг эхлүүлэхийн өмнө хөрс бүрэн хатах шаардлагатай бөгөөд энэ нь хэдэн долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC