Хорт хавдраар нас барсан эмэгтэйн 2 хүүхдэд сайхан сэтгэлт Монголчуудын хандиваар Вива ситид байр авч өглөө. #Шууд
- Хорт хавдартай ээжийгээ эмнэлэгт өдөр шөнөгүй сахидаг байсан 12 настай бяцхан охин О.Буяншанд, ээжийнхээ эм тарианы мөнгийг олох гэж барилга дээр ажилладаг байсан 14 настай хүү О.Баяншанд нарын талаарх мэдээлэл хэдэн сарын өмнө цахимд цацагдаж, олны сэтгэлийг эмтэлсэн. Учир нь тэдний хайртай ээж нь бурхны оронд одсон юм. Өнөөдөр тэдгээр ах дүү хоёр байртай боллоо.
Хандивын аяныг Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхцэлмэг болон бусад сайхан сэтгэлт хүмүүсийн хамт одоогоос хоёр сарын өмнө эхлүүлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү байраа хүлээлгэн өгч байна.
Б.Мөнхцэлмэг “Одоогоос хоёр сарын өмнө Даагий эгчийнхээ хамт хандивын аяныг эхлүүлсэн. Харамсалтай нь хандивын аяныг эхлүүлж байх үед эгч маань өөд болчихсон. Эгчийг амьд сэрүүн байхад нь хашаа байшин юмуу орон сууцтай болгох тал дээр нь анхаарч, хичээнэ гэж хэлж байсан. Харин өнөөдрөөс айлаас айлын хашаа дамжин амьдардаг байсан үе нь дурсамж болон үлдэж өөрийн гэсэн өмч хөрөнгө амьдрах орон сууцтай болж байна. Өчигдөр талийгаачийн 49 хоног нь дуусч, хоёр дүүдээ байрных нь түлхүүрийг гардуулж өглөө.
Юуны түрүүнд хоёр дүүд хандив өргөсөн монголынхоо бүх ард түмэнд баярлаж, талархаж байгаагаа хэлмээр байна. Хандивын аян эхлүүлснээс хойш талийгаачийн талаас хамгийн их түшиг тулгуур болж данс тооцоог хариуцлагатай найдвартай барьж тусласан талийгаачийн бэр эгч А.Сувдаа, хоёр дүүгийн сургуулийн хамт олон, багш нар, эцэг эхчүүдийн төлөөлөлдөө баярлалаа. Мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд, дүүргээс хамаарах бүхий л тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Г.Батсайхан нартаа маш их баярлалаа.
Хоёр дүү цаашид хэрхэн амьдрах вэ гэдгийг маш олон хүн асууж байна. Бид байнгын тогтмол харилцаатай байж эргэж тойрч тусална. Мөн ээжийнх нь төрсөн ах хамтран амьдарч амьдралын зардлыг нь хариуцна. Мөн “Вива сити” хотхоны СӨХ О.Баяншандыг насанд хүртэл төлбөр авахгүй байхаар шийдэж СӨХ-н төлбөрийг тэглэсэн” гэлээ.
Aav eej 2 nas baraad sayhan ah ni nas barsan 2 huuhdiig bas bairtai bolgochihvol hashaand ni baishin barij ugnu geed bsan odoo ah ni ungurchihsen ter 2 jaahan huuhduuded bair heregtei bhdaa