УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням тойрогтоо буюу Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрбээр Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумдад ажиллан иргэд, сонгогчидтойгоо уулзан ажлын тайлангаа танилцуулж, санал бодлыг нь сонсож яваа аж.
Өнөөдөр Дарханы боловсрол, соёл урлагийн байгууллагын ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, Боловсролын тухай багц хууль, Соёлын тухай хуулиудын танилцуулга хийлээ. Энэ үеэр Дархан сумын ЕБС-ийн 15-р сургуульд шаардлагатай байсан ширээ, сандлын иж бүрдлийг хүлээлгэн өглөө. Тус сургуулийн хувьд нэг ангид 40-50 хүүхэд суралцдаг тул анги танхимын хүрэлцээ муу, ширээ, сандлын хомсдолтой байгаагаа илэрхийлсэн аж.
Мөн Дархан сумын ЕБС-ийн 4-р сургуульд нийт 15 сая төгрөгийн өртөг бүхий хоол үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Дархан-Уул аймагт Ерөнхий сайдтай томилолтоор ажиллах үеэр 4-р сургуулийн удирдлагууд Г.Дамдинням гишүүнд гал тогоогоо шинэчлэх хүсэлт тавьсныг тэрээр БШУЯ-нд уламжилснаар ийнхүү бодит ажил болгон шийдвэрлэжээ.
Ийнхүү ирэх хичээлийн жилүүдэд сурагчид стандартын шаардлага хангасан гал тогоотой орчинд амт чанартай, эрүүл хоол идэх боломж бүрдэж байна. Тэрбээр ЕБС-ийн Хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбоотойгоор цаашид ЕБС-иудын хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байгаагаа дуулгасан юм. Түүнчлэн Дархан-Уул аймгийн ЕБС-ийг амжилттай төгсөж буй шилдэг сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!