Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшиж буй Д.Энхбат коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Гэтэл тэрбээр вакциндаа бүрэн хамрагдаагүй байсан нь анхаарал татаж эхэллээ. 

Учир нь Төрийн тэргүүний  сонгуульд нэр дэвшиж байгаа атлаа хувийн бэлтгэл хангаагүй, өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс хамгаалах тухайд  хариуцлагагүй хандсан нь тодорхой болов. Учир нь манай улс өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос эхлэн 20-64 насны иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн. 

Гэтэл Д.Энхбат вакциндаа хамрагдалгүй явсаар Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон өдрөө буюу тавдугаар сарын 2-нд вакцины эхний тунг хийлгэжээ.  Улмаар хоёрдугаар тунгаа өнгөрсөн сарын 23-нд хийлгэх учиртай байсан ч “Онгоцоор орон нутагт зорчиж байгаа учраас бие хямарна гэж үзээд хийлгээгүй” хэмээн тайлбарлаж сууна. 

 Уг нь түүний насныхан вакциндаа хамрагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч өрөөлийг эрсдэлд оруулах бус өөрийнхөө биеийг хямарна хэмээн амиа бодсон нь ийнхүү олон хүнийг эрсдэлд орууллаа.  Түүний хувьд сонгуулийн сурталчилгааны ажлаар маш олон хүнтэй уулзсан төдийгүй маск бээлий өмсөх нь бүү хэл маскаа ч зүүлгүйгээр гар барьж явсан  олон тохиолдол гарсан. Түүгээр ч зогсохгүй УОК-оос вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийг орон нутагт зорчуулах  журам гаргасныг үл тоосон байжээ.