МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн 5 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Гэвч Н.Түвшинбаяр уг шийдвэрийг үл зөвшөөрч, МҮОХ –ны тамгыг аваад явсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг хүлээлгэн өгчээ. 

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнгөрсөн 4 дүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдан, шалгагдаж байгаа. 

Өнгөрсөн хугацаанд Олон улсын олимпийн хорооноос МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдох асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан эсэх тухай шаардлагыг тус хороонд удаа дараа ирүүлээд байсан. 

Үүсээд буй нөхцөлтэй холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч тавдугаар сарын 28-нд хуралдаж, тус холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.

Гэвч олимпийн аварга Н.Түвшинбаяр дээрх шийдвэрийг эсэргүүцэж, олимпийн хорооны тамгыг авч зугтаасан, мөн тус хорооны албан ёсны мэйл хаягны нууц үгийг өөрчлөн Олон улсын олимпийн хороо руу дур мэдэн захидал явуулсан юм. 

Ямартай ч МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр тамгыг буцаан өгчээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш 11:00 цагаас өгөхөөр төлөвлөсөн байна.