Монголчууд ковидгүй зуныг хүсэхгүй байна

Б.Ариунзаяа
2021/06/14

Урин цаг ирж, усны шувууд буйраа засжээ. Арга ч үгүй биз, зуны дунд сар гарчихсан байна шүү дээ.  

Монголчууд уг нь коронавирусүй, ковидгүй зуныг мөрөөдөж буй. Цээж дүүртэл амьсгалах цэвэр агаар, цэцэгсийн дунд тархины ядаргаа тайлтал хоржигнох голын чимээ, ойн хаа нэгтээ дуугарах хөхөө шувуу, хөхүүр дүүртэл сэнгэнэх чимчгэнэсэн айргийг төсөөлж байна. Энэ бол айдасгүй Монголын зун. Халдваргүй, хавьтагчгүй үеийн амралт зугаалгын их улирлын дүр төрх.

Гэвч бид мөрөөдөж буй зунтайгаа золгож чадах уу. Харамсалтай нь үүсэж буй нөхцөл таатай хариулт өгч чадахгүйн бололтой.

Монгол улс коронавирусний аюулын харангыг соргог хүлээж авсан. БНХАУ-д гарсан эхний тохиолдлоос эх орондоо илрэх эхний тохиолдол хүртэл хангалттай хамгаалсан. Дотоодод халдвар тархахтай зэрэгцээд эдийн засгаа золиослон барин хатуу хөл хориог хэд хэдэн удаа тогтоосон. Тогтоосон хөл хорио болгоноо сүүлийнх байгаасай гэж залбирсан ч халдварын тоо нэмэгдсээр байна.  

Сүүлийн 7 хоног халдварын тоо эрчимтэй нэмэгдсээр өчигдөр гэхэд л 10400 хүнээс шинжилгээ авахад 2188 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа.  Гэвч монголчууд цочирдсонгүй. Цочирдох нь байтугай “тэнэж яваа” вирус дэргэд нь ирснийг ч үл тоож, амар амгалан сэлгүүцэж явна.

Бүрэн дархлаа тогтоогүй хэрнээ максаа тайлж, олон нийтийн газраар сэлгүүцэж, зугаалж, хаа сайгүй бөөгнөрөл үүсгэж байна. Зарим нь бүр халдвар авснаа мэдсэн ч нийгмийн харилцаанд орж, гэрийн тусгаарлалтаа мөрдөхгүй байгаа нь халдвар тархах үндэс болж байгааг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Хэдийгээр тэд вакцины бүрэн тундаа хамрагдаж, халдвараас өөрсдийгөө сэргийлж чадах ч дархлаа суугаагүй хүүхэд, жирэмсэн эх бусад шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийг аюулд оруулж, заримыг нь үхэлд хүргэж байна.

Уг нь коронавирусний үед тусгаарлалт хамгийн чухал гэдгийг улс даяараа тогтоосон хэд хэдэн удаагийн хатуу хөл хорио харуулсан. Дэглэм ямар ач холбогдолтой болохыг халдвар аваад эдгэрсэн мянга мянган иргэд хэлнэ. Гэвч хариуцлагагүй, ухамсаргүй, зөвхөн өнөөдрийн жаргалаа бодсон иргэдийн үйлдлээс болж монголчуудын мөрөөдөж буй зунтайгаа золгохгүй нь.

Монголчуудын зарим нь ковидгүй  зуныг хүсэхгүй байна.

Эрдэмтэн судлаачдын хэлж байгаагаар Монгол улсад сүргийн дархлаа тогтох хугацаа болоогүй. Наанадаж 7 дугаар сарыг бүрэн авч байж гэмээнэ  коронавирусний давтан тунгийн дархлаа сууна.  Яг одоогийн байдлаар орон нутагт байдал хүндэрч байна. Бодит байдал эмнэлгийн ачааллаас давж, гамшгийн хэмжээнд хүрчихсэн гэдгийг яамныхан ам алдав. Эмч, эмнэлгийн ажилтнууд аргаа тасартал хичээж байгаа ч цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2000-4000 ч хүрч магадгүй гэх судалгааг ч УОК гаргажээ. 

Иймээс хайртай хүнээ халдварт өртүүлэхгүйн тулд яг одооноос хариуцлагатай байя. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барьж, шаардлагатай тохиолдол гадуур гарахгүй байя. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.