МҮБХ наадмаас өмнө 40 бөхөөс сэргээшийн шинжилгээ авахыг хүслээ

Б.Ариунзаяа
2021/06/14

Сар хүрэхгүй хугацааны дараа Үндэсний их баяр наадам болно.  Энэ цаг үед  Монголын үндэсний бөхийн холбооноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад нэгэн саналыг хүргүүлжээ. Тус саналд, наадмаас өмнө зургадугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд нэр бүхий 40 бөхөөс допингийн шинжилгээний авахыг хүссэн байна. 

Ингэхдээ " Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь бөхчүүдийн шударга өрсөлдөөнийг бүх талаар дэмжин ажиллах үүрэгтэй байгууллага юм. Бид допингийн асуудалд хатуу байр суурийг баримтлан ажиллаж байгаа бөгөөд цаашид ч энэхүү зүй бус үйлдэлтэй эрс тэмцэн, шударгаар хөдөлмөрлөж буй олон бөхчүүдийнхээ эрхийг хамгаалж ажиллах болно. Нэр бүхий улсын цолтой бөхчүүдээс МҮБХ-нд “Допинггүй Монгол наадам - Монгол бөх” уриалгыг ирүүлээд байгаа.

Тус уриалгад Үндэсний их баяр наадмаас өмнө 40 бөхөөс допингийн шинжилгээг авах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд бөхчүүдийн шинжилгээг 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 17-ны өдөрт багтаан авах ажиллагааг МҮБХ болон танай байгууллагатай хамтран зохион байгуулах санал гаргасан байна.

Иймд та бүхэн хамтран ажилладаг Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лабораториос дээрх 40 бөхөөс авах шинжилгээний хариу ирэх хугацааг 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс 21 хоног буюу 2021 оны долдугаар сарын 08-ны өдөрт багтаан ирүүлэх боломжтой эсэхийг тодруулан бидний ажлыг дэмжинэ үү" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.112
    2021/06/15

    Энэ ямар учиртай юм.Зүгээр өөрсдөө нэр цохоод хүмүүсээс шинжилгээ аваад байж болдог юм уу.Барилдах эсэх нь тодорхойгүй хүмүүсийг.Энэ бол хүний эрхэнд халдаж буй хэрэг биш үү..Ямар ч байсан хууль,хүний эрхийш дээдлэх ёстой.

    Хариулах