Өвархангай аймгийн Онцгой комисс хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргажээ. 

Тодруулбал, баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоргийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэснээ Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж мэдэгдсэн байна. 

Энэ онд Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Тэгш ойгоо аймаг даяараа бүтээлч ажлуудыг өрнүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аймаг, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхийн төлөө иргэдтэйгээ хамтран ажиллахаа  онцлов.

Мөн аймгийн 90 жилийн ойтой холбоотой эрдэм шинжилгээний хурал, өв соёл хүн ардынхаа зан заншил, амьдрал ахуйг харуулсан түүхэн баримтат кино,  ном бүтээж, түүх, соёлоо сурталчилсан урлаг, соёлын арга хэмжээг  цахимаар зохион байгуулахаар болжээ.