Олимпийн наадмын эргэн тойронд

Админ
2021/07/16

Токиогийн олимпийн наадамд ОХУ-ыг төлөөлөн оролцох хоёр усанд сэлэгчийг допингийн асуудлаас болж хассан талаар Олон улсын усан спортын холбоо (FINA) мэдээллээ. Эд бол ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Вероника Андрушенко, Универсиад наадмын аварга Александр Кудашев нар юм. “Токиогийн олимпийн үеэр цэвэр шударга өрсөлдөөн бий болгоход хүчин чармайлт гаргасан Дэлхийн допингийн эсрэг агентлагт талархаж байна” хэмээн FINA-гийн ерөнхийлөгч Хусейн Аль-Мусаллам ярьжээ.

*** *** ***


Их дуулга тэмцээний 20 түрүүтэй домогт теннисчин Рожер Федерер өвдөгний бэртлийн улмаас Токиогийн олимпийг өнжихөөр болсноо мэдэгдлээ. Тэрбээр Бээжингийн олимпийн хосын төрөлд аваргалсан бол Лондоны олимпийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж байв. Федерер өдгөө дэлхийн чансааны 9-д бичигдэж байгаа бөгөөд өнгөрсөн жил өвдөгтөө хоёр ч удаа хагалгаа хийлгэсэн юм.
Алдартнуудаас Р.Надаль, С.Уильямс нар мөн олимпод оролцохгүй бол саяхан Уимблдонд түрүүлсэн Н.Жокович тоглох магадлалаа 50:50 хувьтай хэмээн тодорхойлсон юм.

 
*** *** ***


АНУ Токио руу 613 тамирчнаа илгээхээр болсон нь энэ олимпийн хамгийн том багт тооцогдож байна. Гэхдээ тус улсын хувьд энэ нь хоёр дахь дээд амжилт юм. Өмнө нь тэд 1996 онд нутагтаа зохиогдсон олимпод 646 тамирчин оруулж байв.
Америкийн шигшээд багтсан тамирчдын 193 нь өмнө нь олимпийн наадамд оролцож байв. Долоо дахь олимпдоо өрсөлдөх морин спортын тамирчин Ф.Даттон хамгийн туршлагатай нь. Америкчууд өмнөх Риогийн олимпод 554 тамирчинтай оролцож, нийт 121 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлж байв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна