Өнгөрөгч тав дахь өдөр Туул голд сэлж байсан иргэн хортой могойд хатгуулж нас барсан талаарх мэдээллийг бид хүргэсэн. 

Нийслэлийн Онцгой байдлын газраас өгч байгаа мэдээллээр 2016 онд хийгдсэн амьтны аймгийн судалгаагаар Улаанбаатар хот орчимд хоёр зүйлийн могой бүртгэгджээ. Хоргүй буюу рашааны могой, хортой бамбай хоншоорт могой хот орчимд тархсан байна. 

Сүүлийн жилүүдэд зэрлэг амьтад идэш тэжээл хайж, гэмтэж бэртсэний улмаас, бороо их орсон жил үерийн усаар дамжиж суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдлууд  гарсаар байгаа аж. 

Тодруулбал, 2018 онд төвийн зургаан дүүргийн суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн тухай 30 удаагийн дуудлага хүлээн авсан бол 2019 онд 43, 2020 онд 116 удаагийн дуудлага хүлээн авчээ.  Өнгөрсөн 2020 онд бүртгэгдсэн нийт дуудлагын 30-40 хувь нь могойн дуудлага байснаас 90 орчим хувь нь бамбай хоншоорт хортой могой байсан байна. 

Энгийн иргэд могойг шууд хараад хортой, хоргүйгээр нь ялгахад төвөгтэй. Учир нь могой амьдарч байгаа газар нутгийнхаа онцлогоос хамаарч өөр өөр өнгөтэй бөгөөд хүүхэн хараагаар нь хортой эсэхийг нь ялгадаг. Хортой могойн хүүхэн хараа босоо байдаг байна. 

Нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан иргэд НБОГ-ын 323780, 310005 утсан дуудлага мэдээллийг яаралтай өгөөд мэргэжлийн хүмүүс очих хүртэл ажиглаад байж байх хэрэгтэй. Ингэхдээ могойгоор оролдохгүй, уурыг нь хүргэж болохгүй. 

Могойд хатгуулсан бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандаад, шингэн зүйл их хэмжээгээр ууж аль болох хөдөлгөөнгүй хүлээх ёстой гэлээ.