Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө. 

Тодруулбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай Аba plus гэх компанийн дансаар их хэмжээний валют орж ирсэн талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны нэгдүгээр сарын 13-ний өдөр хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Тухайн компани 2018 онд үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй хэдий ч 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд Монгол Улсын нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Болгар, Казахстан, Узбекистан, Украин зэрэг 13 улс орноос олон удаагийн давтамжтайгаар нийт 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар буюу нийт 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан байна. Улмаар Монголд тухайн мөнгийг оруулж ирсэн даруйдаа 1.7 сая евро, 3 сая ам.доллар буюу 7.8 тэрбум төгрөгийг БНХАУ, БНСУ, Латви зэрэг гадаадын 11 улс руу шилжүүлэх үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. 

Дээрх үйл ажиллагаа нь мөнгө угаах шинжтэй гэж үзэн тус компаниас шилжүүлэг хийхээр захиалга өгсөн 10 орчим тэрбум төгрөгийг 2020 оны нэгдүгээр 13-ний өдөр битүүмжилсэн. Тус компанийг Латвийн иргэн үүсгэн байгуулсан ч  дээрх иргэн 2019 оны 12 дугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш орж ирээгүй байна. 

Цагдаагийн байгууллагаас энэхүү мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тогтоохоор гадны 8 улс орон руу хүсэлтээ илгээсэн. Үүнээс одоогоор гурван улс орноос хариу ирсэн бусад улсаас хариу ирүүлээгүй, хүлээгдсэн байдалтай байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлийн дагуу иргэн М-ийн гэрт болон ажлын байранд нь нэгжлэг хийхэд олон тооны хүрэн баавгай болон шилүүс зэрэг ховор амьтны жагсаалтад орсон амьтдын эд эрхтэн илэрч Экологийн цагдаагийн албанаас хэрэг үүсгэн шалгаж байна. 

Түүнчэн иргэн М нь мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулж, хуулийн байгууллагын ажилтнуудад нөлөөлөхийг оролдсон нь тогтоогдсон тул нэг сарын хугацаатай цагдан хорьсон гэлээ.