Хүй долоо худгийн дэнжид Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Барилдаан эхлэхийн өмнө бөхчүүд Э.Оюунболдыг Улсын аварга цолтой барилдаж байгааг эсэргүүцэв. 

Монголын Үндэсний бөхийн спортод сэргээш, найрааны асуудал үргэлжилж хэл ам дагуулсаар ирсэн. Шалз, хачиг мэт наалдсан энэ асуудлыг Үндэсний бөхийн холбоо нь шийдвэрлэхийг санаархдаг ч “ноёны бөх”-дөө өвдөг шороодсоор ирсэн нь харамсалтай.  Гурван шатны шүүх нь Э.Оюунболдын цолыг хурааж, унасан бөхчүүдэд нь цол, чимгийг нь олгох шийдвэр гаргасаар байтал цол олгосон Ерөнхийлөгч нь чимээгүй, дарсаар байгаад буучихсан нь өнөөдрийн монголын нийгэмд шударга ёсны үнэлэмж хэр хэмжээнд харуулах мэт...

Одоогоос хоёр жилийн өмнө буюу Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, улсын аварга цол хүртсэн. Тэрбээр хамгийн залуудаа улсынхаа баяр наадамд түрүүлж, аварга цолонд хүрсэн бөхчүүдийн тоонд орж, хүмүүжил, хөдөлмөр хоёроороо аргагүй сайхан түрүүллээ хэмээн хүн болгон ам уралдан ярьж байв. 

Учир нь Э.Оюунболд 2015 оны наадамд түрүүлж, Улсын арслан цол хүртсэнээсээ хойш хөл алдсан. Жин нэмж, сахилга бат алдаж, бэлтгэл сургуулилтаа тасалсан.  Гэвч тэрбээр алдаа дээрээ суралцаж, сүүлийн нэг жилийн турш хөдөлмөрлөсөн нь өнөөдрийн амжилтыг авчирлаа хэмээн спортынхон ч толгой дохиж байв. Харамсалтай  нь тэрбээр ард түмнийхээ хүндэтгэлийг удаан хүлээж чадаагүй юм. 2019 оны 8 дугаар сард Допингийн үндэсний төвийн шинжилгээгээр тэрбээр сэргээш хэрэглэсэн нь баталгаажсан. 

Гэвч Э.Оюунболд эсэргүүцэж, шүүхийн байгууллагад хандсан. Тэрбээр “Би сэргээш хэрэглээгүй. Миний шинжилгээ солигдсон. Эсвэл хэн нэгэн миний ууж, идэх зүйлд сэргээшийн төрлийн бодис хийсэн” хэмээн мэдэгдсэн. 

/Тухайн үед Э.Оюунболдын сэргээш хэрэглэсэн нь үнэн гэх ийм баримт дэлгэгдэж байв/

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх цолыг нь хураах шийдвэр гаргасан. 

Өнгөрсөн тавдугаар сард МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан захидал илгээж, допингийн асуудлыг шударгаар шийдэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бөхчүүдийн цолыг даруй шийдвэрлэж өгөхийг хүссэн ч бас л тусыг эс олсон. 

Уг нь монгол бөхчүүдийг эрт үеэс л жудагтай байхыг анхааруулж, ард түмэн ч ёсоо хүндэтгэхийг шаардаж ирсэн. Хэдийгээр “ноёны бөх” Э.Оюунболдод энэ мэт хууль үйлчлэхгүй байж болно. Гэхдээ тэрбээр жудагтай байх ёстой. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, цолыг нь хураагаагүй ч хуулиа, ард түмнээ хүндэтгэх нь бөх хүний ухамсар биш гэж үү.