“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн 81 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Саид Моллай саяхан Монголын Засгийн газарт гомдож байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн. Түүний уг мэдэгдлийн дараа Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц мэдээлэл хийж, ойлголцлын зөрүү гарсныг учирлаж, олимпын медальтнуудад шагнал гардуулахаар бэлтгэж байсан талаар дуулгасан.
Тэрбээр "Энэ удаагийн олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад цол олгохоор болсон. Тодруулбал, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа, Саид Моллай нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгоно. Мөн тамирчдад байр олгохоор наймдугаар сарын 4-нд шийдвэрлэсэн. Засгийн газрын тогтоолыг харж болно. Байр бэлдэх асуудлыг Хотын дарга Д.Сумъяабазар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болгосон байсан" хэмээн мэдээлсэн.
Маргааш дээрх тамирчдад шагналыг нь гардуулна. Харин Саид Моллай хэрхэн шагналаа гардах нь тодорхойгүй байна. Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр тэрбээр ирэх есдүгээр сард Монголд ирэх аж. Тиймээс маргааш шагналыг нь Монголын Жүдо бөхийн холбооныхон гардаж авах гэнэ. Улмаар түүнийг Монгол улсад ирсэнийх нь дараа гардуулан өгөх төлөвлөөтэй байна.
Монгол улсын Засгийн газраас олимпийн мөнгөн медаль хүртсэн Саид Моллайд 60 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж өгөх бөгөөд 2022 онын нэгдүгээр сараас эхлэн сар бүр 3 сая төгрөгийн цалин олгоно. Харин түүний дасгалжуулагч Мохаммед Мансуриг төрийн дээд Алтангадас одонгоор шагнаж урамшуулах юм. Мохаммед Мансуригийн хувьд Саид Моллайг даган эх орноосоо гарсан ч Монгол Улсын иргэншил аваагүй билээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!