Цар тахал эрчимжсэн энэ хүнд үед эмнэлгүүд ачаалал ихтэй байгаагаас хүндэрсэн өвчтөн эмчлэхэд ашигладаг тоног төхөөрөмжийн хомсдлын асуудал үүсээд буй. Энэ нь цар тахлыг хумих үйл явцад хүндрэл учруулаад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан 2021 оны наймдугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Улаан загалмайн Удирдах зөвлөлийн гишүүд эрүүл мэндийн салбарт нэн чухал хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийг эмнэлгүүдэд гардуулан өглөө.

 

Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд тус дүүргийн Улаан загалмайн Удирдах зөвлөлийн Тэргүүн Г.Батсайхан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ-ын даргын зөвлөх бөгөөд дүүргийн Улаан Загалмайн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Энхбаатар,  НҮБ-ын элч дуучин, МУГЖ, Хан-Уул дүүргийн Улаан Загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Ариунаа, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Идэрчулуун, Улаан Загалмайн хорооны дарга Э.Наранчимэг нар оролцлоо.

Тэд эрүүл мэндийн салбарт нэн чухал хэрэгцээтэй байгаа амьсгалын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч, хяналтын дэлгэц зэрэг тоног төхөөрөмжүүдийг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн салбар Хангарьд-2 эмнэлэг, Эрүүл мэндийн яамны харьяа Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 гэх томоохон гурван байгууллагуудад гардуулан өгсөн юм. 

Хан-Уул дүүргийн Улаан загалмайн Удирдах зөвлөлийн гишүүд хүмүүнлэгийн ажлыг ийнхүү эхлүүлж цаашид хүн амын эрүүл мэндийг дэмжих олон ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.