ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний ажлыг ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү хүлээн авсан гэх мэдээлэл гарсан ч батлагдсангүй.  Д.Нямхүү энэ талаар "ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийг ажлаа өгсөн гэж сонслоо. Намайг түүний оронд томилно гэдэг нь худал мэдээлэл" гэх тодруулгыг хэвлэлд өгсөн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар ХӨСҮТ-ийн захирлаар нэгэн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтан очих гэнэ. Тодруулбал, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгсайханыг томилохоор болсон гэх мэдээлэл байна. 

Цар тахалтай тэмцэж буй гол мэргэжлийн байгууллага болох ХӨСҮТ тогтвортой үйл ажиллагаа явуулж гэмээнэ үйлчилгээ нь сайжирна. Гэвч ХӨСҮТ он гарсаар гурав дахь захирлынхаа нүүрийг үзэх нь. 

Томилогдсон дарга бүр нь хэдхэн сар ажиллаад л халаглаад гарчихдаг энэ байгууллагыг  Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ойрын хүн толгойлохоор ийнхүү тохирчээ. Учир нь Ц.Билэгтсайхан нь С.Энхболдыг хоёрдугаар эмнэлгийн даргаар ажиллаж байхад дэд захирлаар нь ажиллаж байсан юм.