Манай улсад коронавирусний халдварын нөхцөл амаргүй хэвээр байна. ЭМЯ болон ХӨСҮТ-ээс энэ сарын 15-25-ны өдрүүдэд халдвар оргил үедээ гарч, өдөрт 3000-4000 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэдгийг анхааруулсаар буй. Гэвч нөхцөл байдал аль хэдийнэ оргил үедээ хүрчихсэн. ЭМЯ-наас өдөрт зарлаж буй тохиолдол нь нүд хуурах тоо төдийгүй албаны хүмүүс нь ч зөвхөн ПСР-аар батлагдсан тохиолдол гэдгийг нь хүлээн зөвшөөрчихсөн. Өөрөөр хэлбэл коронавирусний халдвараар монголчууд өдөрт хэдэн арван мянгаараа өвчилж байгаа нь нууц биш болсон. 

Харамсалтай нь, хариуцлагатай энэ цаг үед улсдаа ганц байдаг мэргэжлийн байгууллага болох ХӨСҮТ-д хүн тогтохоо байлаа. Өнөөдөр гэхэд л ХӨСҮТ-ийн дэд дарга Ж.Байгалмаа өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. 

Уг нь Д.Нямхүү гэх эрхэм энэ байгууллагыг бүтэн 14 жил удирдсан байдаг. Гэвч түүнийг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж, өнгөрсөн нэгдүгээр сард тушаалыг нь гаргачихсан. Гэвч энэ цагаас хойш ХӨСҮТ гэх байгууллагад дарга тогтсонгүй. Д.Нямхүүгээс хойш ХӨСҮТ-ийн дэд дарга Д.Наранзун удирдсан ч сар болов уу үгүй юу ажлаа өгчихсөн. Уг нь тэрбээр ХӨСҮТ гэх байгууллагад олон жил ажилласан, жинхэнэ бэлтгэгдсэн боловсон хүчин байсан ч “бууж өгсөн”. 

Улмаар өнгөрсөн гуравдугаар сард Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Л.Баттөр уг албыг авсан ч хэл ам тасраагүй. Албан тушаалын халаа сэлгээ, авлига хээл хахуулийн хэрэгтэй зэрэгцээд халдварын нөхцөл байдал улам хүндэрсэн нь ажлаа өгөх шалтгаан болсон биз.

Учир нь түүнийг ажлаа өгөхийн өмнөх нь АТГ-аас, ХӨСҮТ-ийн зарим албан тушаалтнуудыг баривчилсан. Тодруулбал, ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн дарга С.Энхзаяаг албан тушаалаа урвуулж, худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим компанид давуу байдал бий болгосон хэргээр шалгаж эхэлсэн бол Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр гэрээс нь баривчилж, саатуулсан.  И.Орхоныг 10 гаруй эмч, сувилагчийг ажилд оруулах нэрийдлээр авилга, хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн үзэж, прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналыг ч хүргүүлсэн байдаг.

Ийнхүү хэл амтай, хэрүүл маргаантай, хэцүү ажилтай ХӨСҮТ-д тогтох хүн олдохгүй нь. Тогтсон заримууд нь идэж ууж, толгойлохоор ирснүүд нь сүүлээ хавчин зугтааж байна.

Өдгөө ХӨСҮТ-ийн захирлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ойрын хүн болох Хоёрдугаар эмнэлгийн дэд дарга Ц.Билэгтсайхан томилогдон ажиллаж буй. Ойрын хүн гэж тодотгосны учир нь С.Энхболд Хоёрдугаар эмнэлгийн даргаар ирэхдээ таван хүнийг авчран, ажилд томилсны нэг нь Ц.Билэгтсайхан. Хариуцлагатай үед өөрийн итгэлт хүндээ чухал албаа хариуцуулсан байх талтай ч Ц.Билэгтсайхан нь эрүүл мэндийн чиглэлээр, нэн ялангуяа лабораторын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө ажилладаг хэд хэдэн компани эзэмшдэг. 

Ашиг сонирхлын зөрчил үүсэж мэдэх дарга энэ албыг хэр удаах хаших бол...!