“Сонгинохайрхан дүүргийн иргэдэд үнсүүлж угтдаг” хэмээн телевизээр ярьж буй Э.Бат-Үүлийг УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших ёс зүйн эрхгүй, луйварчин хэмээн мэдэгдэж, өндөг шидэн эсэргүүцэхээ Баянзүрх дүүргийн иргэд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн мэдэгдлээ.

Э.Бат-Үүл Улаанбаатар хотын Засаг дарга байхдаа Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 2013-2014 онд эхлүүлж 800 айлын газрыг чөлөөлүүлсэн. Гэвч 184 айл гэр бүлийн хамт өнөөдрийг хүртэл орон сууц байтугай орох оронгүй гудамжинд гарсан хэвээр байгаа аж.  Тэднийг төлөөлөн мэдээлэл хийсэн иргэдийн ярьж буйгаар  Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдод дахин төлөвлөлтөд хамруулан орон сууц, хаустай болгоно хэмээн худал амлан сурталчилгаа хийж буйг эсэргүүцэж, Сонгинохайрханы сонгогчид өөрсөд шиг нь луйврын хохирогч болох вий хэмээн сэрэмжлүүллээ.

БЗД-ийн 4 дүгээр хорооны иргэн Г.Эрдэнэбилэгийн  ярьснаар, тэрбээр 2014 орны зургадугаар сард гэр хорооллын  дахин төлөвлөлтөд хамрагдахаар “Их өргөө” компанитай гэрээ хийж газраа чөлөөлжээ. Гэвч долоон жилийн турш өндөр настай ээж болон хүүхдүүдтэйгээ айлаас айл хэсч, шүүх цагдаагаар явсны эцэст одоо цөхөрч, өлсгөлөн зарлахаас өөр гарцгүй болсноо мэдэгдлээ. Мөн БЗД-ийн 12 дугаар хорооны иргэн Отгонбаярын дүүгийн хэлснээр тэд 2013 онд Э.Бат-Үүлийн хүү Чулуудайгийн “Грийнланд” ХХК-тай гэрээ хийн газраа чөлөөлжээ.

Гэвч өнөөдрийг хүртэл  найман жил газар ч үгүй орон сууц ч үгүй түрээсийн байр дамжин амьдарснаас ах Отгонбаярын тархинд нь цус харваж, хэвтэрт орж амь амьдралаараа хохирчээ. Тиймээс газраа чөлөөлсөн 800 айлаас үлдэж, хаягдсан 184 гэр бүлийнхэн Э.Бат-Үүлийг УИХ-д нэр дэвшиж байгааг эсэргүүцэж, хохирлоо барагдуулахыг шаардаж өлсгөлөн суулт зарлах бололтой.