#ШУУД: 84-р сургуулийн захирал С.Мартаг тэтгэвэрт суулгаж шинэ захирлыг томилсон боловч тус сургуулийн багш нар эсэргүүцлээ илэрхийллээ.


Багш ажилчид:

-          2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай захирал Мартад дүүргийн зүгээс ажлыг нь авахаа мэдэгдсэн. Сонгон шалгаруулалт хийгдсэн эсэхийг лавлахад мэдэхгүй байсан тул багш ажилчдын төлөөлөл БЗД –аас лавлахад томилгооны асуудал яригдаагүй гэх хариултыг өгсөн. Гэвч 9 дүгээр сарын 29-ны өдөр БЗД-ийн Хууль эрхзүйн газрын дарга н.Мөнгөншагай, нийгмийн бодлогын хэлтсийн дарга Шүүдэрцэцэг гэх хоёр хүн ажлын хэсэг байгуулагдсан. Захирлын томилгооны асуудал яригдаж байгаа талаар мэдээлсэн. Тиймээс манай сургуулийн багш нар

-          1-рт, Сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах

-          2-рт, Түр үүрэг гүйцэтгэгч томилох шаардлагатай байгаа бол сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахын үүднээс дотроосоо томилох

-          3-рт, ажлаа өгч байгаа С.Марта захирлын тайланг нь тавиулах

-          4-рт, Шинээр томилогдож байгаа захирлын мөрийн хөтөлбөрийг сонсох зэрэг шаардлагыг тавьсан. 

Учир нь аливаа зүйл залгамж халаатай байх ёстой. Өмнөх хүн нь юу хийсэн юм, дараагийн хүн хийх талаар бид мэдэж байх ёстой. Ер нь эргэн тойронд болж байгаа сургуулийн томилгооны асуудал үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Ур чадвар муутай, сэтгэлгүй, хамт олныхоо сэтгэлд нийцээгүй удирдагчдын буруутай үйл ажиллагаанаас болж боловсролын байгууллага уналтад орж байгааг хүн бүхэн харж байна. 

Тиймээс боловсролын байгууллага гэлтгүй төрийн бүх байгууллагууд нээлттэй сонгон шалгаруулалтаар удирдлагын тогтолцоогоо шинэчлэх ёстой. Энэ зөв жишиг нь 84 дүгээр сургуулиас эхлэх ёстой. Учир нь манай сургууль нэлээд олон зүйлийн анхдагч нь. Тиймээс бид байр суурь дээрээ баттай зогсоно. 

БЗД-ийн Хууль эрхзүйн газрын дарга н.Мөнгөншагай:

-          С.Марта захирлын хувьд тэтгэврийн насанд хүрсэн. Өмнө нь 2021 оны 4,8 дугаар сард мэдэгдэх хуудас өгч, чөлөөлнө гэдгийг мэдэгдсэн. Захирамж өнгөрсөн долоо хоногт гарч хэрэгжилтийг хангуулах гэсэн боловч иймэрхүү байдалтай хүлээж авч байна. Хэрвээ захирамжийг хууль бус гэж үзвэл гомдол гаргах бүрэн эрхтэй.

-          Сонгон шалгаруулалт хуулийн дагуу нээлттэй явагдах ёстой. Гэвч ковидын нөхцөл байдлын улмаас сонгон шалгаруулалт зохион байгуулах боломжгүй байгаа учир үүрэг гүйцэтгэгч томилсон. Захирлын үүрэг гүйцэтгэгч нь хуулийн дагуу томилогдсон. Танилцуулж болно, хаалттай асуудал биш.

84 дүгээр сургуулийн захирал С.Марта:

-          Миний хувьд тэтгэврийн насанд хүрсэн учир ажлаа өгнө, өгөх ч ёстой.  Гэвч хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар гарсан хүнд сургуулиа удирдуулъя гэсэн шаардлагыг хамт олон маань өгсөн. Орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой болж байна. Би боловсролын байгууллагад 42 жил ажилласны 15 жилд нь энэ хамт олныг удирдсан байна. Тиймээс хамт олныхоо шаардлагыг хүлээж авсан.

-          Манай сургууль бол сургалтын чанараараа улсад дээгүүрт ордог. Тиймдээ ч олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арван сургуулийн нэг болгохоор  сайдын тушаал  гарсан. Уг нь бид Боловсролын хуулийн дагуу Боловсролын яамд харьяалагддаг гэж бодсон ч дүүргээс ажлыг чинь авна, үүрэг гүйцэтгэгч томилсон гэлээ. Би ч эхэндээ гайхсан. Гэхдээ би ажлаа өгье гэсэн боловч хамт олон эсэргүүцэж байна. Баянзүрх дүүргийн удирдлагууд намайг дуудаж санаа бодлыг минь сонсоогүй байж яагаад ийм томилгоо хийсэн юм бол, гайхаж л байна.