Б.Батцоож: Сайн дурын жолооч нар өдөрт 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны эрх авна

Админ
2021/10/07

Коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний багт сайн дурын жолооч нарыг ажиллуулж эхэлсэн билээ. Сайн дурын жолооч нар халдварын тохиолдол өндөр, ачаалал ихтэй хороодод ажиллах юм. Энэ талаар НЭМГ-ын мэргэжилтэн Б.Батцоожоос тодрууллаа.

-Коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний багт сайн дурын жолооч ажиллуулж эхэлсэн. Хэдэн жолооч бүртгүүлээд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 1300 орчим хүсэлт ирээд байна. Эдгээрээс гуч гаруй жолоочтой гэрээ хийж ажилд нь оруулсан. Эхний ээлжид дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээс нэмэлт жолооч шаардлагатай эсэх талаарх мэдээллийг авч, халдварын тохиолдол хамгийн их хороодод сайн дурын жолооч нараа ажиллуулж байна.  

-Сайн дурын жолооч нарт ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Сайн дурын жолооч нарыг хоёр ангилж байгаа. Нэгдүгээрт зөвхөн жолоогоо барих,  хоёрдугаарт жолоо барихаас гадна иргэдэд эмчийн үзлэг хийж, шинжилгээ авах эмнэлгийн мэргэжилтэй хүмүүсийг ажиллуулж байна. Бид аль болох эмч, эмнэлгийн мэргэжилтэй, хувийн машинтай хүмүүсийг сайн дурын жолоочоор ажиллуулах эрмэлзэлтэй байгаа.

-Сайн дурын жолооч нарын цалин урамшуулал ямар байх вэ?

-Нэг өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай. Үүнээс хүн амын орлогын албан татвараа хасаад жолооч нар 45 мянган төгрөг авна. Дээр нь 20 мянган төгрөгийн шатахууны эрхтэй. Хэрэв 20 мянган төгрөгөөс илүү шатахуун зарцуулах бол тухайн өрхийн эрүүл мэндийн төв хариуцах зохицуулалт хийсэн. Мөн тухайн иргэдийг халдвар хамгааллын хувцсаар хангах, өдрийн хоолыг өрхийн Эрүүл мэндийн төв хариуцна. Бид гэрээ байгуулсан жолооч нарт энэ ажлын байр халдварын эрсдэлтэй гэдгийг маш сайн тайлбарлан хэлж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр ажиллуулж байгаа.

-Сайн дурын жолооч ажиллуулах хүсэлтэй хэдэн газар байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 49 газар нэмэлт жолооч авах хүсэлт ирүүлсэн байна. Одоогийн байдлаар 33 жолооч гэрээний дагуу ажиллаж байгаагаас 21 нь энгийн жолооч, 12 нь резидэнт эмч, сувилагч зэрэг мэргэжлийн хүмүүс байгаа юм. Нэмэлтээр эмнэлгийн мэргэжилтэй 13 хүн бүртгүүлсэн байгаа. Эдгээр хүмүүстэй гэрээ хийн, маргаашаас ажилд нь оруулна.     


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.