Коронавирусийн дараах нөхөн сэргээлт буюу уламжлалт аргаар эмчлэх

Админ
2021/10/14

Коронавирус нь хамар залгиураар дамжин уушгинд хүрснээр уушгинд үрэвсэл үүсгэж хатгалгаа болж уушгины эдийг гэмтээж салстыг үхжилт үүсгэх эрсдэлтэй. Түүнчлэн халдвар аваад эдгэсэн ч толгой өвдөх, маш их хөлрөх, сульдах, цээжээр өвдөх зэрэг олон шинж тэмдгүүд илрсээр байна.                

Тиймээс эдгэсний дараа даарч хөрөхгүй байх, шим тэжээлтэй хоол ундыг тохируулан хэрэглэх чухал байна. 

Ингэхдээ дараах аргуудаас хэрэгжүүлж болно.  

1.Амьсгалын дасгал буюу Зөв амьсгалах:  Амьсгалын дасгал хийснээр уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,  хийн солилцоог сайжруулж байдаг тул зөв амьсгалах хамгийн чухал юм. Үүнийг 10-15 удаа хийж болно.

2.Шим тэжээл сайтай хоол ундаа зөв тохируулан хэрэглэх:  Ковидын дараа маш их ядарч сульддаг тул шингэц сайтай шөлтэй хоол ундыг түлхүү хэрэглээрэй. Хоолондоо сармис, цагаан гаа, хар перц, хунчир зэргийг хэрэглэж болно. Эдгээр нь халуун чанартай тул уушгиндаа үрэвслийг дарж өгдөг. 

3.Халуун шингэн юм сайн уух:  Халуун юм ууснаар уур нь хамар луу орж залгиураар дамжих үедээ чийгшиж бүлээсгэж уушгинд очно. Халуун содтой ус болон халуун өтгөн хар цайгаар утлага хийж болно. 

4. Цэвэр агаар эмчилгээ: Цэвэр агаарт гарах, явган алхах, ууланд алхах зэрэг нь эрүүл мэндэд тустай. Долоо хоногт 1-2  удаа цэвэр агаараар амьсгалбал уушги цэвэрлэгдэх сайн талтай. 

5.Хордлого тайлах арга хэмжээ:  Халдварын үед маш олон төрлийн эм тариа хэрэглэдэг учир элэг бөөр ходоод зэрэг эрхтнүүд хямарч хордлогод орсон байдаг. Иймээс хордлого тайлах арга хэмжээг авбал үр дүнтэй. Нохойн хошуу буцалгаж уувал үр дүнтэй 100гр нохойн хошууг 500гр усанд буцалган халуун бүлээнээр уух.  

6.Уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээ:  Хүүхэд болон жирэмсэн, өндөр настай хүмүүс архаг хууч өвчтэй, уушгины өвчтэй, архаг бронхитой хүмүүс ковидын халдварын дараа уламжлалт эм засал бариа засал,физик эмчилгээтэй хавсаргаж хийлгэвэл үр дүнтэй. 

7.Өөрийн дархлаагаа дэмжих арга:  Цэвэр монгол шар тосыг орой унтахдаа цээж, ар нуруу гар хөлийн уландаа түрхсэнээр бие махбодыг тэтгэхээс гадна дархлаа дэмжинэ. Мөн мана 4, норов 7 тангуудыг хавсаргаж ууснаар уушгины үйл ажиллагаа сайжирна. 

8.Сэтгэл санаагаа тайван байлгах: Хүний оюун санаа болон бие организм хоорондоо нягт холбоотой. Тухайлбал сэтгэл санаа тогтворгүй болж, стресст  орсноор кортизол /стрессийн даавар/ ялгарч ,энэ нь улмаар  нян, вирустэй тэмцэх дархлааны чадварыг сулруулна. Хүн чин сэтгэлээсээ инээж хөхрөлдөх нь стрессийн гормон кортизолыг багасгаж,серотонин,эндорфин, допамин зэрэг аз жаргалын гормонуудыг ялгаруулж,сэтгэл санаа болон бие организмыг тайвшруулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна. 

 9.Хангалттай унтаж,амарч байх:  Хүн биеийнхээ эрч хүчийг сэргээж,бие махбодоо эрүүл байлгахын тулд өдөрт 6-10цаг унтаж байх хэрэгтэй.Харин нойроо дутуу явснаас дархлааны систем муудаж гаднаас орж ирэх нян, халдварт өвчинд эмзэг болдог.Хэрэв та орондоо аль хэдийн орсон ч унтаж чадахгүй байвал биеэ  суллаад тухтай байрлалд хэвтээд,чадахаараа гүнзгий амьсгалж,амьсгаагаа тоолоорой.Ингэх нь биеийг тайвшруулж,амархан унтахад тусалдаг.

Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийн уламжлалт анагаахын их эмч, магистрант Л.Энхтунгалаг



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.