Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Эхний 9 сарын байдлаар 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 277 удаа, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болжээ. Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 577 болж өсчээ.

Газар хөдлөлийн эрсдлийн үнэлгээг улсын хэмжээнд хийхэд цахилгаан станцын 53 хувь, цахилгаан шугам сүлжээний 40 хувь, дулааны станцын 58 хувь, автозам, замын байгууламж 82 хувь, шатахуун түгээх станцын 73 хувь шаардлага хангаж байна. 

Харин манай улс 130 мянга гаруй барилга байгууламжтайгаас газар хөдлөлтийн үед 17 хувь нь тэсвэргүй гэсэн эрсдлийн тооцоолол гарчээ. Эдгээрийн дийлэнх нь 1970 оноос өмнө баригдсан барилга байгууламжууд байна.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс гаргасан эрсдлийн үнэлгээг үндэслэн газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй 556 барилгыг нурааж шинээр барих Засгийн газрын шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 18,1 хувьтай байна.