Сайн аав байх 9 алхамын талаар Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв "Хөөрхөн Шар Шувуу -ийн багш Г.Төмөрзаяагийн зөвлөгөөг хүргэж байна.
1. Хүүхэдтэйгээ ярилцах боломжийг эрж хайж байгаарай. Ямар нэг ажлыг хүүхэдтэйгээ хамтдаа хийх нь чөлөөтэй илэн далангүй ярилцах боломжийг олгодог.
2. Юу хийхийг нь заан өгөх биш өөрөө санаачлан хийх боломжийг өгөөрэй. Өөрөөр хэлбэл, хийх ажлыг нь сонголттойгоор байлгаарай. Жишээлбэл: Хувцас хатаах, аяга угаах, хог шүүрдэх гэх мэтчилэн гэрийн ажлаас алийг нь чи хийж чадах вэ? Ингэснээр хүүхэд бие даан шийдвэр гаргаж өөртөө итгэх итгэл бий болж мөн ардчилсан гэр бүлийг бий болгоно.
3. Хүүхэддээ захиа бичиж үзээрэй. Бяцхан цааснаас аавынхаа хайрыг маш ихээр мэдэрч чадна.
4. Хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэхдээ удаан хамт байхдаа гол нь биш үр дүнтэй хамт байх нь чухал шүү. Амралтын өдрөөрөө компьютерийн ард суун, телевизор үзэн эсвэл унтаж өнгөрүүлдэг аав бол сайн аав байж чадахгүй. Хүүхэдтэйгээ хамт тоглон, хүүхдийнхээ яриаг идэвхтэй сонсож, эв хавгүй байсан ч хамтдаа тоглож байвал хүүхэд аз жаргалтай байдаг.
5. Хүүхэдтэйгээ хамт олон мартагдашгүй дурсамжийг үлдээгээрэй. Хожим хүүхэд насаа дурсан санахад тэр үе түүний амьдралд нь хүч нэмж байдаг юм шүү. Шинэ жилээр хүүтэйгээ хамт Санта өвөө болох юм уу, охиноо цасан охин болгон ангийнх нь нөхдийг баярлуулсан ч болно шүү дээ.
6. Хүүхдээ олон нийтийн үйл ажиллагаанд дэмжин оролцуулж, нийгэмд хийж болох бага ч болов зүйлийг хамтдаа хийж байгаарай. Цэцэрлэг, сургуулийнх нь хашаанд хамтдаа мод тарих ч юм уу, цэвэрлэгээнийх нь ажилд оролцож ч бас болно.
7. Та зориуд зав гаргаж сардаа нэг удаа хүүхдийнхээ цэцэрлэг, сургуулиар очиж анги даасан багштай нь уулзан сэтгэгдлээ солилцон, сургууль цэцэрлэгийнх нь үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаарай.
8. Хүүхдийнхээ эерэг үйлдлийг хөхиүлэн дэмжиж урамшуулж байгаарай. Хүүхэд дүүтэйгээ болон найзуудтайгаа эвтэй тоглох, ээждээ туслах, хувцсаа эвхээд тавих, шүдээ угаах гэх мэт тохиолдолд бага боловч тэдний үйлдлийг урамшуулж магтаарай. Эд материал болон мөнгөн хэлбэрээр хүүхдээ урамшуулахаас татгалзарай. Энэ нь цаашдаа хүүхдийг ямар нэг болзолтойгоор аливааг хийдэг болгох муу талтай.
9. Хааяа ярилцах шаардлагатай бол хүүхэдтэйгээ хоёулхнаа болзоод үзээрэй. Оройн хоол идэх ч юмуу, явган алхах ч юмуу, тоглоомын газар хамтдаа очих, эсвэл гэртээ хоёулхнаа үлдэж гэр бүлийнхэндээ амтат хоол бэлдэнгээ яриа өрнүүлэх зэргээр яг тухайн хүүхдэд зориулан цаг гаргаж байгаарай.
Эх сурвалж: Г.Төмөрзаяа Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв "Хөөрхөн Шар Шувуу








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!