Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлд онцгойлон анхаарахыг үүрэг болгосон. Энэ дагуу мэргэжлийн байгууллагууд дараах мэдээллийг өглөө. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зориулалтын бодис 2000 тонн, давс 500 гаруй тонныг нөөцлөөд байна.

 Тусгай бодис дахин 2000 орчим тонныг татан авна. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөцлөлт хангалттай гэж үзэж байна. Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд цас орж, халтиргаа үүсэх үед хүндрэл үүсгэхгүйн тулд анхааран ажиллаж байгаа” гэлээ.