Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: 

- Улаанбаатар хотын иргэд хогоо ялгах, ангилах соёлд төдийлөн суралцаагүй байна. Хотын соёл гэдэг бол нус, цэрээ гудамжинд хаях, нийтийн эзэмшлийн талбайд хүнд, хөнгөнөөр бие засахаас эхэлнэ. Энэ байдал хотод бүр үзэгдэл болсон. Тиймээс хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдээ хотжих соёлд сургана.  Цаашдаа иргэдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлнэ. Соён гэгээрлийн ажил зохион байгуулна. 1, 2 үе бус, 3-5 үе явж байж хотожсон иргэн төлөвшдөг. 

Машиныхаа цонхоор уусан ундааныхаа сав, татсан тамхиныхаа ишийг гаргаж шиддэг иргэдэд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлнэ.  Хотын иргэд бол дүрэм стандартад хашигдаж, хуулиа дагаж мөрддөг байх ёстой.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхой эрх мэдлүүд нийслэлд шилжиж ирсэн.

Хог тээвэрлэлтэд 24 орчим тэрбум төгрөгийн зардал, ландфиллд хоёр тэрбум төгрөг төлөвлөн зарцуулдаг. Цаашид ийм байдлаар удаан явахгүй. Улаанбаатар хотын хогийн төвлөрсөн цэгүүдэд ландфилл байгуулна. Гэхдээ хойшид булшлахыг болиулж, хог ялгах, боловсруулахад илүүтэй анхаарах юм. Нийт хог хаягдлын 31.8 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг дарж булах орчин үеийн технологийг хэрэгжүүлэх юм. Цаас, хуванцар, металл, шил гэхчлэн ялгах аваас хогийн цэгт хаягдах хогийн хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулна." гэлээ.