Монголын Үндэсний Бөхийн Холбооноос сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг албан ёсоор зарлалаа.  Бөхчүүдийн допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу  өнгөрсөн сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн. 

Түүний дараа сэргээш илэрсэн бөхчүүдийн нэг нь В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ ирүүлсэн талаар тус холбооноос мэдээлж байсан. Гэвч тухайн бөх нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад "Б" сорьц шинжлүүлэх өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө ч шилжүүлээгүй байна.  Мөн зөрчил гаргасан нэг бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргүүлжээ. 

Ийнхүү В сорьц шинжлүүлэх хугацаа дууссан учир МҮБХ-ноос  сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг өнөөдөр албан ёсоор зарлалаа.  

2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцжээ. 

Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтоохоор болсон байна.