Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Чингис хаан музей хамтран “Чингисийн удмын ноёны манж гүнжийн эрэлд” архивын баримтын эмхэтгэлийг хэвлүүлжээ. 

Маршал Х.Чойбалсангийн тушаалаар Дотоод явдлын яам, Шинжлэх ухааны хүрээлэнгийн хамтарсан судалгааны баг Гүнжийн сүмийг малтсан сонирхолтой баримтууд энэхүү архивын баримтын эмхэтгэлд багтаасан байна. 

Түүх сөхвөл, 1699 онд Манжийн Энх-Амгалан хааны YI гүнж буюу ордны авхайгаас төрсөн Хичээнгүй амирлангуй гүнж Түшээт хан аймгийн Дондовдоржийн хатнаар өргөмжлөгдсөн. Гүнж монгол ноёныг чин сэтгэлээсээ хайрлан Хаживдорж, Ринчэндорж, Гэжайдорж нарын олон хөвүүдийг төрүүлж, эхнэр хүний журмыг сахиж, монгол ёс заншлыг дагаж хүндэтгэдэг байсан гэдэг. Нөхөр болох Дондовдорж нь Чингис хааны алтан ураг Абтай сайн ханы үр ач бөгөөд сайхан төрсөн эр хүн төдийгүй эрдэм номд боловсорсон, шүлэг яруу найрагт дуртай хүн байжээ. 

Манж гүнж 1740 онд нас барахдаа “Миний бие монгол хүнтэй ханилан сууж хамаг насыг барсан тул аль хэдийнээ монгол хүн болсон. Тийм учраас намайг Монгол газар шороонд оршуулаарай” хэмээн гэрээсэлжээ. Ийнхүү гүнжийн шарилыг хадгалах, тахилгын онгоныг сүмийн хамт байгуулсан нь “Гүнжийн сүм” хэмээн алдаршсан юм билээ.