Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хороодыг хувааж, шинээр зохион байгуулах санал гаргалаа

Б.Ариунзаяа
2021/11/19

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн удаах асуудал нь Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай байлаа. Дээрх дүүргүүдийн зарим хорооны хүн ам, өрхийн тоо хэт олон байгаагаас ачаалал ихсэж, иргэдэд хүрэх үйлчилгээнд хүндрэл учирч буй тухай саналыг ирүүлсний дагуу энэхүү асуудлыг боловсруулсан байна. 

Нийслэл Улаанбаатар хот өдгөө 171 хороотой. Тэдгээрийн хүн ам, өрхийн тоо, газар нутгийн хэмжээ харилцан адилгүй байгаагаас зарим хороог хуваах, шинээр байгуулах зэргээр ачаалал тэнцүүлэх саналыг тухайн хороо, дүүргээс ирүүлсэн байна. 

  • Баянгол дүүргийн 25 хорооноос 12 хороог хувааж, шинээр 10 хороо байгуулж, нийт 35 хороотой болох санал ирүүлсэн бол Баянзүрх дүүргийн хувьд 28 хорооноос 17-г хувааж, шинээр 15 хороо байгуулан 43 хороотой болох санал ирүүлжээ. Харин Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, шинээр мөн таван хороо байгуулж, 24 хороотой болох саналтай байгаа юм. Нийтдээ 34 хороог хувааж, 30 хороо шинээр байгуулснаар нийслэл хот 201 хороотой байхаар санал боловсруулсан байна.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдийн хувьд анхан шатны нэгжид ачаалал өндөр байгааг ойлгож буйгаа илэрхийлээд, хороо байгуулах зардал, хороодын байр, ажиллах боловсон хүчний цалингийн зардал болоод бусад зардлын тухайд шийдэл гаргах шаардлагатайг санууллаа. Асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.111
    2021/11/21

    Ачаалал даахгүй дарга нараа солиоч ээ

    Хариулах
  • 64.119.25.164
    2021/11/19

    Дагаад баахан орон тоо зардал өснө. МАН хоол горилогчидодоо ахиад баахан орон тоо гаргаж өгөх юм байна. Утгагүй юм

    Хариулах