БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг  6 цагийн турш зодож, хүчээр архи уулган, тамхины иш идүүлсэн хэрэг гарсан талаар тус улсын MBC телевизийн мэдээгээр цацагдсан. Хэргийн талаар хохирогч охины ээж ярьжээ.

Тэрбээр " Манай охин өнгөрсөн 3 дугаар сард дунд ангид орсон. Гэвч 7 сард нь дээд ангийнхаа 4 эгчид зургаан цагийн турш зодуулсан байсан. Тэд гэртээ хоёр хонуулсныхаа дараа явуулж, цагдаа мэдэгдэх юм бол ална гэж сүрдүүлсэн байсан. Бид  тухайн үед охиныгоо алга болчихлоо гэж цагдаад мэдэгдэж, хоёр хоногийн турш хайсан. Ингэхдээ зодож дарамталсан охидуудын гэрт нь очоод сурагласан ч байхгүй, танай охин яагаад энд байх ёстой юм бэ гээд уурласан. 

Тэд нарын хэлсэн үгэнд нь итгээгүй учраас гэрийнх нь гадаа цаг орчим зогссон ч ямар нэг юм мэдэгдээгүй.  Ингээд хоёр хоногийн дараа шөнийн 2 цагт нэг охин утасдаад охиныг чинь олчихлоо гэж мэдэгдсэн.  Тухайн үед охин маань бороонд норчихсон, нүцгэн явж байсан байгаа юм. Ингээд гэртээ ирээд яасан юу болсон бэ гээд л маскыг нь авсан чинь хацар хавдчихсан байсан. Асуухаар юу ч болоогүй гээд ер дуугарахгүй байсан. Харин маргааш нь нэлээд ятгасны эцэст хэлсэн. Миний охин 13 настай. Харин тэдгээр зодсон охидууд нь 14-16 настай. Тэд охинд минь хүчээр архи уулгаж, татсан тамхиныхаа үнсийг идүүлж, хүчирхийлж байхдаа бичлэг хийсэн байгаа юм.

 Тухайн үед цагдаа нарт хэлсэн ч авч хэлэлцэхгүй байсан. Танай охин мэдээлэл өгөхгүй бол хэрэг үүсэхгүй гэсэн. Ингэж зодуулсныхаа дараа тэдгээр охидууд миний охиныг дахиад л байшингийн дээвэр дээр дуудсан. Цагдаад мэдэгдсэн ч мэдүүлэг авна л гэсэн. Бүр бичлэг гарч ирэхээс өмнө цагдаа нар бидэнтэй маш бүдүүлгээр харьцаж байсан. Нотлох баримт байхгүй байхад та нар юугаа хийгээд байгаа юм гэх зэргээр хандсан. Охин руу минь дайрсан. Одоо ч тэд миний охиныг сүрдүүлсэн хэвээр л байна. Маш их гомдолтой байна.

Бичлэг нийтэд тавигдснаас хойш сургуулийнх нь бүх хүүхдүүд миний охиныг ялгаварлах болж, охин минь сэтгэл санааны гүн хямралд орсон. Одоо бүр нийлдэг хүүхдүүд нь хүртэл шоолдог, дарамталдаг болсон.