ТАНИЛЦ: Зудын эрсдэл их байгаа газруудыг тодорхойлжээ

Админ
2021/12/02

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаж байна.

- Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2021-2022 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэргийг ашигласан.

- Зудын эрсдэлийг тооцоолж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зургаас үзвэл нийт нутгийн 2.6 хувьд их, 10.8 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай гарсан. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгуудын зарим хэсэг эрсдэл их гэсэн зэрэглэлд байна.

Зудын эрсдэл их байгаа газрууд

Баян-Өлгийн Цэнгэл, Булган, Төвийн Баяндэлгэр сумд болон Баян-Өлгийн Алтай, Увсын Сагил, Наранбулаг, Ховдын Булган, Үенч, Цэцэг, Говь-Алтайн Бугат, Завханы Алдархаан, Баянхонгорын Баянлиг, Төвийн Баян, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдын цөөн багийн нутаг хамрагдаж байгаа юм. 

- Энэ жил зуншлага ихэнх нутгаар хэвийн сайн байсан бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд сайн, 20 орчим хувьд дунд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын цөөн хэдэн сумдын нутгаар муу үнэлгээтэй байсан.

- 11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20,1 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Баянхонгорын Эрдэнэцогт, Баян-Овоо, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Өвөрхангайн Хайрхандулаан, Хэнтийн Жаргалтхаан, Дадал, Сүхбаатарын Түмэнцогтод 6-20 см, бусад нутагт 0-5 см цастай байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна