"Дэлхийн мисс"-ийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин тус тэмцээний “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ. Түүний араас Норвеги, Япон, Чили, Хойд Ирландын мисс бичигдсэн байна.

А.Бөртэ-Үжин ийнхүү дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдээс авьяасаараа тэргүүлснээр “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Тэмцээний финалын шат АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд арванхоёрдугаар сарын 16-нд болох юм.

Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-ийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн. Мөн мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг  хийж үндэсний өв соёлоо дэлхийд сурталчлагч нэгэн юм. 

Монголоос 2016 онд А.Баярцэцэг "Дэлхийн мисс"-ийн "Авьяаслаг мисс" шалгаруулалтын шилдэг 10-т багтаж байсан билээ.