Монголын анхны NFT арилжаалах платформ Mongol NFT “B production”-тай хамтран Монголын дуу хөгжмийн салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх зорилготой блокчэйн, NFT технологи дээр суурилсан “Мета мьюзик прожект” төслийг эхлүүлж байгаагаа зарлалаа.
Манай улсад крипто болон NFT-ийн арилжаа нэмэгдэж, улмаар уран бүтээлчид болон контент бүтээгчид бүтээлээ арилжаалах шинэ боломж нээгдсэн. Тодруулбал, Монгол NFT арилжааны платформ нээгдсэнээсээ хойш 20 гаруй мянган идэвхтэй хэрэглэгчтэй болж, 4500 гаруй NFT гаргаснаас дунджаар хоёр цагийн дотор зарагджээ.
Тэгвэл “Мета мьюзик прожект” төсөл хэрэгжснээр шинэ технологийн тусламжтайгаар уран бүтээлчдийн NFT-г санал болгох, NFT-гээс үр шим хүртэх, стримингийн үйлчилгээ үзүүлэх платформ бий болоод зогсохгүй Монголын хөгжмийн салбар шинэ шатанд гарч, уран бүтээлчдэд эдийн засгийн шинэ боломжууд бий болж, эцсийн хэрэглэгчдэд үзүүлэх үр өгөөж нэмэгдэнэ гэдгийг “B production”-ийн захирал Д.Болд, Mongol NFT-г үүсгэн байгуулагч Б.Габит нар онцолж байна.

“B production”-ийн захирал Д.Болд:
- 2006 онд МУ-д анх удаа урлагийн цогц студи байгуулж байлаа. Энэ жил 15 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ирэх 2022 онд студийн үйл ажиллагаа илүү чамбайрна. Хэд хэдэн стандартыг нэвтрүүллээ. Манай уран бүтээлчид бүгд л дэлхийд гарахыг эрмэлзэлдэг. Бид дэлхийд гарахын тулд эхлээд дэлхийн стандартад хүрэх ёстой байсан. Үүндээ ч хүрлээ. Харин одоо бид хаашаа чиглэх ёстой вэ. Дэлхийд ямар сувгаар гарах вэ гэдэг асуулт тулгарч байна.
20 жилийн өмнө Itunes- Apple –ийг гарч ирэхэд урлагийнхан тийм ч таатай хүлээж аваагүй. Ихэнх нь альбомоо зарах хүсэлтэй байсан болохоор. Гэвч Apple компани хөгжмийн ирээдүйн зах зээлийг аль хэдийнэ олж харчихсан байсан учир одоо хөгжмийн том дэлгүүр болчихсон байна.
Тэгвэл Одоо бидэнд NFT coin гэдэг боломж гарч ирлээ. Дахиад л хүлээн зөвшөөрөхгүй байх уу, хоцрох уу. Техник технологийн эрин үед бид бусадтайгаа хамт хөгжилд хөл нийлүүлэн ахлах ёстой. NFT хөгжмийн зах зээлд зарагдахгүй байгаа цомгийг задлаад зураг, хөгжим, лого гээд бүгдийг нь зарах боломжийг нь олгож байна. Дэлхийг хавтгай болгож, дэлхийн хаанаас ч манай уран бүтээлчдийн уран бүтээл, зургийг авах, миний олон жил зүүсэн зүүлтийг хүртэл NFT-ээр зарах боломжтой болж байна. Монголчууд бид хоорондоо өрсөлдөх бус чаддаг зүйлээрээ нэгдээд, монголынхоо урлагийг дэлхийн зах зээл гаргах ажилд ханцуй шамлан орж байна.

“Mongol NFT”-г хамтран үүсгэн байгуулагч, Инфинит солюшн ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Габит:
- 20 жилийн өмнө Apple компани урлагийн ирээдүйн чиг хандлагыг урьдчилж мэдэрснийхээ хүчинд өнөөдөр 2,5 их наяд ам.долларын орлоготой компани болсон байна. Өнөөдөр дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөж байна. Facebook компани яагаад өөрсдийгөө meta гэж нэрлэв. Яагаад microsoft компани энэ чиглэлд оров. Яагаад ирэх жил 1 триллион ам.долларын бизнес метаверс болох гээд байна вэ. Манай улсын хүн ам 3 сая. Гэтэл метаверс дээр 300-400 сая хүн ам байна. “Mongol NFT” платформ үүсгэж, метаверст газар авлаа. Бидэнд энэ зах зээл рүү шууд орох боломж байна. Дөнгөж гарч ирж байгаа уран бүтээлчид олон танигдах гэж олон жилийг зарцуулдаг. Хэрэв бид метаверс дээр орчныг нь бүрдүүлж чадвал NFT койноор 300 сая хүн амын зах зээлд тоглолтоо шууд хийж, зурагаа зарж, тэр ч бүү хэл Монгол наадмаа ч энд хийх боломжтой гэсэн үг. “Мета мьюзик прожект” төсөл бол энэ бүхний эхлэл гэлээ.
Онцолж хэлэхэд, олон улсын Bittrex арилжааны платформын хамтран үүсгэн байгуулагч Билл Шихара Монгол NFT-ийн үүсгэн байгуулагчидтай Сиэттл хотод уулзаж, зөвлөгөө, стратегийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах болсноо илэрхийлжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!