Өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны XII хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал удирдан явууллаа.
Сүүлийн үед улс орны хэмжээнд төдийгүй манай аймагт короновируст цар тахлын нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Цар тахлын хувьд нийтийг хамарсан халдварын тархалтын хэмжээнд хүрч улаан зэрэглэлд хүрээд байгаа. Сүүлийн үед халдвар авсан өвчтөнүүдийн биеийн байдал хурдан хугацаанд хүндэрч байгаа бөгөөд короновируст халдварын улмаас 3 хүн нас барсан. Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 233 хүн эмчлүүлж байгаа бөгөөд эдгээрээс биеийн байдал нь хүнд 10, нэн хүнд 3 хүн байна.
Цаашид халдвар авсан хүний тоо нэмэгдэж, хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хүндэрвэл БОЭТ-ийн сэхээн амьдруулах, Эрчимт эмчилгээний тасагт хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжүүд хүрэлцээгүй болж мэдэхээр байна. Одоогийн байдлаар биеийн байдал хүнд өвчтөний амин чухал эрхтнүүдийг хянах, тэдгээрийн эмчилгээнд зориулагддаг аппарат тоног төхөөрөмж БОЭТ-д 24 ширхэг байдгаас бүрэн ажиллагаатай 17 төхөөрөмж ашиглагдаж байна. Тухайлбал, амьсгалын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, зүрх зогссон үед зүрхний үйл ажиллагааг сэргээх цахилгаан тоног төхөөрөмж, дуслын болон тариурын шахуурга гэх мэт тоног төхөөрөмжүүд хүрэлцэхгүй болох магадлалтай юм.
Иймээс энэ удаагийн хуралдаанаар БОЭТ-д нэн яаралтай шаардлагатай байгаа эдгээр аппарат, тоног төхөөрөмжүүдийг авах зардал болох 120 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Мөн цаашид халдварын тоо нэмэгдэх тохиолдолд эрчимт эмчилгээний ор нэмж бэлтгэх, бусад газруудаас дайчлах шаардлага ч тулгарч болзошгүй байна.
Засаг даргын зөвлөлийн 2021 оны XII хуралдаанаар мөн “Орхон аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох журам”-ыг шинэчлэн батлах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдах Үйлдвэрлэл, технологийн паркийн газрын асуудлыг мөн хэлэлцлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна