Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ажлын хэсгийн хамт Орхон аймагт ажиллаж “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцлаа. Уулзалтад аймгийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогч дарга М.Түмэнжаргал оролцлоо.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх уулзалтын үеэр Эрчим хүчний яам 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 17 эх үүсвэр барьж хүчин чадлыг нэмэгдүүлж ажиллах зорилт тавьсан. Тус ажлын хүрээнд “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн өргөтгөл, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн турбогенератор №5-ийн засварын ажлууд хийгдэж ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг онцлон хэллээ.
Түүнчлэн салбарын хамт олны сонирхсон асуултад хариулж, өнгөрсөн өвлийн их ачааллыг маш сайн давж чадсан, одоо 2021-2022 оны өвлийн ачааллыг давах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах шаардлагатай гэлээ.
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хувьд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэж байгаа “СС-35/50 МВт-ын турбогенератороор өргөтгөх” төслийн ажил явагдаж байгаа бөгөөд 8-р сарын 20-ны дотор дуусгаж Монголын талд хүлээлгэн өгөх шийдэлд хүрсэн байна.
ЭБЦТС ТӨХК-нд хэрэгжиж буй эрчим хүчний төсөл-2-ын хүрээнд 16.2 сая ам долларын дэлхийн банкны хөрөнгө оруулалттайгаар 6-10/0.4кВ, 35/6кВ-ын дэд станц шинээр барих, гэр хорооллын 0.4кВ-ын агаарын шугам, орон сууцны цахилгаан хангамж сайжруулах, ухаалаг тоолуур суурилуулах ажил хийгдэж байгаа юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!