Өвөлжилтийн бэлтгэл ажил түүний дотор түлээ түлшийг нөөцөлж авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгов

Админ
2021/09/13

Аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан хуралдлаа. Шуурхай хуралдаанд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511 дугаарын утсанд ирсэн өргөдөл санал хүсэлт, өнгөрсөн долоо хоногт өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт танилцуулагдаж, Хотын захирагчийн албаны дарга, Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг дарга нар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ. 

       Эрдэнэт хотын хэмжээнд ус ихээр тогтож байгаа цэгүүдийн зураглалыг гаргаж гарц өргөтгөх, шинээр хийх газруудын байршлыг тодорхойлжээ. Одоогоор нийт 14 байршилд гарцыг өргөтгөх, 22 байршилд гарц шинээр хийхээр ажлын зураг боловсруулагдаж байна. 
       2021 оны Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Борооны ус зайлуулах суваг хийх 7 ажилд 429,7 сая төгрөг зарцуулж 541,9 м суваг шинээр угсрах, 336 м сувгийн таг шинээр солих ажил хийгдэхээр төлөвлөгджээ. 
     Хотын төвийг цахилгаанаар хангаж байгаа 4 километр кабелийг солих ажил энэ 9-р сардаа багтаан хийгдэнэ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд дарааллан 3 удаа цахилгаан тасарсан нь цаг агаарын байдлаас шалтгаалан хотын төвийн байшин хорооллын айлууд тень залгаж ачаалал өндөрссөнтэй холбоотой юм. Иймд энэхүү кабелийг шинэчлэх ажлыг хийснээрээ цаашид тог тасрах, гэмтэл гарах асуудал шийдэгдэнэ гэв. 
     Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт: “Тавин лан” ХХК-ийн хийж буй ИШС-ний ажлаас үүдэлтэй халуун усны хязгаарлалтад орсон байгаа айл өрхүүд буюу 1, 4-р микрийн зарим айл өрх, БОЭТ, “Меттле таун”-ы айл өрхүүдээс бусад айл өрх, ААН-үүдийн халаалтыг 9-р сарын 15-даа багтаан өгөхөөр ажиллаж байна. Ингэхдээ ДЦС-ын засварчдаас гадна дулааны инженерээр ахлуулсан ИТА-ны инженерүүд хамтран ажлыг гүйцэтгэж байна. 
    Засаг даргын орлогч М.Түмэнжаргал: ИШС-г шинэчлэн засварлаж зам сэтэлсэн хэсгүүдэд нөхөн сэргээлтийг яаралтай хийлгэх талаар үүрэг өглөө.
     Шуурхай хуралдааны төгсгөлд Засаг дарга С.Батжаргал: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах ажлын хэсгийг байгуулах, өвөлжилтийн бэлтгэл ажил түүний дотор түлээ түлшийг нөөцөлж авах асуудлыг яаралтай шийдвэрлэх, 7-р хорооллын газрыг хүчингүй болгож үйл ажиллагаа явуулж чадах газарт нь хариуцуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө. 
     Түүнчлэн цар тахал гээд төрийн байгууллагын төлөвлөгөөт ажил тасалдахгүй үргэлжлэх ёстойг алба хэлтэс, агентлагийн дарга нарт анхаарууллаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна